УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас дараах тодруулгыг хийлээ.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа ямар асуудлыг хэлэлцсэн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон тул бүлгийн даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор дараагийн бүлгийн даргыг томилогдтол дэд дарга бүлгийг түр удирдах үүргийг хүлээж авсан.
УИХ-ын тухай хуулиар бүлгийн даргыг сонгохдоо бүлгийн гишүүд санал солилцоно гэсэн байдаг. Мөн Ардчилсан намын дүрэмд бүлгийн даргыг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэнэ гэсэн заалт бий, улстөрийн албан тушаалтан гэдэг утгаараа. Тийм учраас ойрын хугацаанд Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, бүлгийн даргын асуудлыг хэлэлцэж таарна.
Бүлгээр хэлэлцсэн хоёрдахь асуудал нь энэ долоо хоногт УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар гишүүдийн саналыг сонссон. Энэ хүрээнд эхлээд Засгийн газар дээр шийдвэр гаргахаасаа өмнө бүлгийн гишүүдээсээ санал авах нь зүйтэй юм аа гэж үзсэн байгаа.
-Бүлгийн даргыг сонгоход тавих шалгуур юу байх вэ. Албан ёсоор нэрээ дэвшүүлсэн гишүүн бий юу. Хэзээ энэ асуудлыг хэлэлцэх вэ?
-Албан ёсоор нэрээ дэвшүүлсэн гишүүн байхгүй. Ойрын үед ярина. Бүлгийн даргыг тодруулсны дараа УИХ-ын даргад нэрийг нь өргөн мэдүүлнэ.
-Өргөдлийн байнгын хорооны даргыг хэзээ сонгох вэ?
-Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Р.Бурмаа гишүүн Өргөдлийн байнгын хорооноос чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоогоор УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс байгуулагдсан ажлын хэсгийн төвшинд МАН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт аль байнгын хороог харьяалуулах талаар ярьж эхэлсэн учраас хойшлогдсон. Ойрын үед энэ асуудал тодорхой болно.
-Дэд сайд нарын асуудлыг ярьсан уу?
-Бүлгийн хурлаар дэд сайдын асуудал яриагүй.
-Бүлгийн төвшинд эдийн засгийг сэргээх хөтөлбөр боловсруулах талаар ярьсан гэж байна. Засгийн газарт тодорхой санал, чиглэл өгсөн үү?
-Эдийн засгийг шинэ шатанд гаргах хуулиудаа эхэлж УИХ-д оруулж ирэх шаардлага байна гэж бүлгийн гишүүд үзсэн. Мөн Ерөнхий сайд ирэх баасан гаригт энэ талын мэдээллийг УИХ-д өгөхөөр төлөвлөсөн байгаа.
Г.ДАРЬ