“Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй”
форум болж байна
Монголын Банкны Холбооноос БОНХЯ, Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпораци болон Нидерландын Хөгжлийн Банктай хамтран “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2014”-г “Тогтвортой санхүүжилт: Хамтын зүтгэлээр зөв хөгжлийг бүтээхүй” сэдэв дор өнөөдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Форумын үеэр “ТоС-ийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах ёслол” боллоо.
Уг Форумаар тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг нийт банкууд 2015 оны I улирлаас эхлэн өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэх гэж буйтай холбоотойгоор бодлого боловсруулагчид, харилцагчид, бизнесийн салбарын төлөөлөгчид, байгаль орчны мэргэжилтнүүд болон олон улсын байгууллагууд хамтдаа Монгол улсын банкны салбарт тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарах өөрчлөлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн ирээдүй, ногоон эдийн засгийг бүтээн байгуулахад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хэрэгжүүлснээр банкууд өөрийн санхүүжүүлэх төслийн эдийн засгийн үр өгөөж, эрсдэлийг тооцохын зэрэгцээ байгаль орчин, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг харгалзан удирдах, байгаль орчин, нийгэмд ээлгүй төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзах, ногоон бүтээгдэхүүн үйлчилгээ, санал санаачлагыг дэмжин ажиллах, түүнчлэн өөрсдийн дотоод үйл ажиллагаанд эдгээр зарчим, шаардлагуудыг баримталж бусад бизнесийн салбаруудыг тогтвортой хөгжилд манлайлан, уриалах юм.