“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал 2015 онд үргэлжилнэ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “МУ-ын Шүүхийн ерөнхий зөвлөл 2014 онд хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллая, нээлттэй ил тод байя гэдэг зарчмын үүднээс сар бүр өөрийнхөө үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байсан. Өнөөдрийн хэвлэлийн бага хурал бол 2014 оны хамгийн сүүлчийн мэдээллийн цаг. Бид 2015 онд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 2015 онд олон нийтийн хүлээлттэй, Монголын шүүхийн шинэтгэлийн өмнө тулгамдаад байгаа гол гол асуудлыг сэдэв болгож мэдээлж байхаар төлөвлөөд байна” гэлээ.
Шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойллоо
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2014 онд шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн топ таван ажлыг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Нэгдүгээрт: бид 2014 онд Шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлж чадлаа. Хоёрдугаарт: Монголын шүүхийг бүрэн нээлттэй болголоо. Гуравдугаарт: Монголын шүүхийг цахим шүүх болгох үндэс суурийг бүрэн тавьлаа. Дөрөвдүгээрт: Шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудал болсон хүний нөөцөд том шинэтгэл хийлээ. Тавдугаарт: Анх удаа Монголын шүүхийн түүхэнд шүүхийн шийдвэрт анализ хийж эхэллээ” гэв.
Шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлсны ач холбогдлыг тэрбээр цөөн үгээр хэлэхдээ “Ойрын ирээдүйд буюу 5-10 жилийн хугацаанд Монголын шүүхийг яаж хөгжүүлэх юм бэ гэдэг стратегийн бодлогын баримт бичгүүдийг баталж чадсан явдал бол энэ оны нэг гол үр дүн” гэлээ. Шүүхийн хөгжлийн стратегийн хүрээнд таван хөтөлбөрийг баталжээ. Тухайлбал “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь шүүхийн дэд бүтцийг хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулсан байна. Харин “Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” хөтөлбөрийн гол зорилго нь шүүгчийн чадварыг хэрхэн нэмэгдүүлэх, хэрхэн сургах, шүүхийн захиргааны ажилтнуудыг хэрхэн бэлтгэх талаар тусгажээ. Ингэхдээ шүүгчдийг чадавхжуулна гэдэг асуудал их дээд сургуулиудын түвшинд эхэлнэ гэж үзжээ. Тиймээс хууль, зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох талаар болон сургалттай холбоотой бусад асуудлыг энэ хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон байна. Мөн “Шүүгч, ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр” гэж баталжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудал, шүүгчдийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах асуудлыг тусгасан гэлээ. Харин “Шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр” гэдэгт шүүхийн шинэ барилга, байгууламжуудыг ямар хугацаанд хэрхэн байгуулах талаар тусгасан байна. Тав дахь нь “Шүүх ба олон нийт хөтөлбөр”. Тус хөтөлбөрийн зорилго нь шүүхэд олон нийтийн хяналтыг яаж хангах вэ гэдэг асуудал юм. Дээрх таван хөтөлбөрийн хүрээнд шүүхийн хөгжлийн ойрын ирээдүйн 5-10 жилийн стратегийг тодорхойлжээ.
“Нээлттэй байдлын хувьд Монголын шүүх ХБНГУ-ын шүүхийг хол түрүүлсэн байна”
Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2014 онд хийсэн хоёр дахь онцлох ажил бол нээлттэй шүүхийг бий болгосон явдал гэж Н.Лүндэндорж дарга онцолж байна. Тэрээр “Монгол Улсад шүүхийн бүх шийдвэрүүд нээлттэй болсон явдал нь манай орны тухайд маш том дэвшил гэдгийг хэлэх ёстой болов уу. Шүүх нээлттэй болно гэдэг юуг харуулж байна гэхээр бид шүүх хуралдаан нээлттэй байгаа. Өмнө нь шүүх хуралдаан хаалттай байна, сэтгүүлчид орж болохгүй байна, судлаачид орж чадахгүй байна гэдэг байсан бол одоо ийм яриа Монголын шүүхэд түүх болоод үлдчихлээ. Өнөөдөр хот, хөдөөгийн ямар ч шүүхийн байранд очлоо гэсэн хаана ямар хуралдаан болж байгааг шүүхийн үүднээс бүрэн үзэх бололцоотой. Нэг дэх хэлбэр нь энэ. Хоёрдугаарт шүүх нээлттэй байгаагийн хамгийн том илэрхийлэл бол шүүхийн шийдвэрүүдийн нээлттэй байдал. www.shuukh.mn цахим хуудсанд Монголын шүүхийн бүх шийдвэрүүд нээлттэй байгаа. Яагаад нээлттэй байлгаж байна гэхээр шүүхийг олон нийтийн хяналтад оруулах нэг алхам. Нөгөө талаас судлаач, багш, оюутнуудын хувьд шүүхийн шийдвэрийг судлах бүхий л боломжийг гаргаж өгч байгаа явдал. Шүүх хэрхэн ажиллаж байгааг иргэн хүн шүүхийн шийдвэрээр дамжуулж үнэлэх, дүгнэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Шүүхийг нээлттэй болгох бас нэг том ажил хийсэн нь урд нь шүүхийн шийдвэрийг суурин интернеттэй газраас үзэж байсан бол одоо манай иргэд гар утаснаасаа үзэх бололцоотой боллоо. Малчин хүн малын бэлчээр дээрээсээ миний хамаатны, миний хүүгийн хэргийг яаж шийдсэн байна гэдгийг гар утаснаасаа үзэх бололцоотой болсон” гэв.
“Монголын шүүх цахимжиж чадлаа”
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд бас нэг хийж хэрэгжүүлсэн чухал ажил нь цахим шүүх юм байна. Смарт буюу ухаалаг шүүх, хэр зэрэг ухаалаг байгааг нь хэр цахимжиж вэ гэдгээс харах бололцоотой гэж Н.Лүндэндорж дарга онцлоод “Монголын шүүх цахимжиж чадлаа” гэлээ. Үүнийгээ дөрвөн зүйлээр нотоллоо. Нэгдүгээрт бүртгэл, хяналтын програмуудтай болсон явдал юм байна. Шүүхэд нэхэмжлэл ирэнгүүт програмаар дамжин шүүхийн цахим санд хадгалагдах бөгөөд ямар шатанд явж байна, хуулийн дагуу, хуулийн хугацаандаа шийдвэрлэгдэж байна уу гэдгийг энэхүү програмаас бүрэн үзэх боломжтой болжээ. Цахимжсан шүүх болсны бас нэгэн давуу тал нь шүүгчийн сонгон шалгаруулалттай холбоотой. Тухайлбал өмнө нь хэн гэдэг нэр дэвшигчээс хэн шалгалт авч байгаа нь тодорхой байдаг байсан бол цахим систем нэвтрүүлснээр хэн гэдэг нэр дэвшигчийн материалыг хэн засч байгааг мэдэх боломжгүй болжээ. Монголчууд цөөхүүлээ учраас урд өмнө энэ асуудал маш их хардалт дагуулдаг байсан бол шүүгчийн сонгон шалгаруулалтыг цахим системд шилжүүлснээр шүүгчийн сонгон шалгаруулалтыг ухаалаг, хараат бус явуулах нэг нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм. Цахим шүүхийн бас нэгэн давуу тал нь Монгол Улсын 41 шүүхийг бүгдийг нь шилэн кабелиар холбож чадсан явдал юм. Мөн шүүхийн дата баазыг байгуулснаар бүх шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа болон захиргааны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл ШЕЗ-ийн дата баазад хадгалагдаж байна. Энэ нь хэргийн хөдөлгөөнийг удирдах, хянах, бодлого тодорхойлохдоо авч ашиглах бололцоог бүрдүүлж байгаа юм. Эцэст нь цахим шүүхийн бас нэг хэлбэр нь онлайн тогтолцоо. Шүүх хуралдаанд зайнаас оролцох нөхцөл бололцоо бүрджээ. Тухайлбал Ховд аймагт байгаа хүнийг Төв аймагт болсон шүүх хуралдаанд зайнаас оролцуулж, гэрчийн мэдүүлэг авчээ. Цаашлаад 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүсийг шүүх рүү зөөдөг ажлыг бүрэн зогсоох юм байна. Өөрөөр хэлбэл 461 дүгээр хорих ангиас бүхий л шүүх хуралдаанд зайнаас оролцуулах техникийн бололцоотой болжээ. Мөн Монголын бүх шүүхүүдтэй холбогдож, зайн сургалт явуулах боломжтой болсон байна. Шуурхай хурал, зөвлөгөөнд хөдөө орон нутгийн шүүгчдийг дуудаад байх шаардлагагүй, цахим хэлбэрээр явуулах нөхцөл бүрдсэн учраас “Монголын шүүх цахимжлаа гэж хэлэх үндэстэй юм” хэмээн Н.Лүндэндорж дарга онцолж байв.
Шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийн хүрээнд 2014 онд 63 шүүгчийг шинээр томилуулжээ
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2014 онд хийсэн онцлох бас нэг ажил нь шүүхийн хүний нөөцийг 63 шинэ шүүгчээр сэлбэжээ. Өөрөөр хэлбэл Монголын нийт шүүгчдийн 13 хувийг шинэчилсэн байна. Шүүгч болж байгаа хүн шүүх дотроосоо л болдог гэсэн шүүмжлэл байдаг өөрөөр хэлбэл шүүгчийн туслах ч юмуу, шүүхийн ажилтан л шүүгч болдог учраас шүүх цус ойртлоо гэдэг асуудал гардаг байжээ. Харин шинээр томилогдсон 63 шүүгчээс 33 нь буюу 52,3 хувь нь шүүхийн гаднаас буюу өмгөөлөгч, прокурор, хуулийн зөвлөх зэрэг мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай хуульчид шүүгч болсон гэдгийг онцоллоо. Мөн эдгээр шүүгчийн 25 нь буюу 39,7 хувь магистр зэрэгтэй байгаагаас үзэхэд шинээр томилогдсон шүүгчдийн боловсролын түвшин ахисан болохыг харуулж байгаа үзүүлэлт юм. Бас дээрх шүүгчдээс өндөр хөгжилтэй гадаадын оронд магистр, доктор хамгаалсан 7 шүүгч байгаа бөгөөд цаашид ч чадварлаг боловсролтой боловсон хүчнээр шүүх цус сэлбэх болно гэдгийг Н.Лүндэндорж дарга онцоллоо.
Шүүхийн шийдвэрийн анализ хийж, “Сонгомол шийдвэрийн эмхэтгэл” гаргана
“Шүүхийн шийдвэрийн анализ. Монгол Улсын шүүхийн шийдвэрийн талаар юун дээр алдаж, оносныг эрдэмтэн мэргэжилтнүүд дүн шинжилгээ хийгээд тэрийгээ товхимол болгоод шүүгч нарт тарааж байгаа явдал юм. Энэ дээр гурван эрдэмтний шүүхийн анализийг “Шүүх эрх мэдэл” сэтгүүл дээр гаргасан. МУИС-ийн гурван эрдэмтэн шийдвэрээ тавьсан. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй шинэ үзэгдэл. Яагаад үүнийг онцолж байна гэхээр эрдэмтэд дүн шинжилгээ бичээд эхэлсэн нь шүүгч нарт шийдвэр гаргахад асар их өндөр хариуцлага тулгарсныг тэдэнд мэдүүлж байгаа явдал. Өндөр хөгжилтэй оронд шүүгч шийдвэр гаргасны дараа эрдэмтэд нөгөө шийдвэрийг нь барьж аваад анализ хийдэг. Тухайн шүүхийн шийдвэрийг нэг бол “будаа” болтол шүүмжилдэг, зөв байвал алдаршуулдаг. Энэ алхмын эхлэлийг бид Монгол Улсад тавьж чадсан нь чухал гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна бид 2014 онд шүүхийн шийдвэрүүдийн “Сонгомол шийдвэрийн эмхэтгэл” гаргах гэж байна. Одоогийн байдлаар Монголын шүүгч нарын 352 шийдвэр ирчихээд байгаа. Үүнээс сонгон шалгаруулж байгаад шүүхийн шийдвэрийн сонгомол шийдвэрийн эхийг 2015 оноос олон нийтэд хэвлэж хүргэнэ гэж бодож байна. Шүүхийн шийдвэрийг ингэж нээлттэй болгож, анализ хийх нь олон нийтийн хяналтыг тогтоож байгаагийн нэг хэлбэр юм. Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр дэлхийд шалгарсан аргуудын нэг ийнхүү Монголд нутагшиж эхэллээ” гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэллээ.
Л.ХАЛИУ