Монголын ууган намын эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ энэ жил 20 нас хүрч байна. Үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” үндэсний чуулганыг Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгууллаа.
Чуулганыг НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нээж, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, УИХ-ын Гишүүн, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд, НАМЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч Д.Оюунхорол, НАМЭХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Ундармаа нар оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн юм.
МАН-ын дарга М.Энхболд “МАН-ын тулах хүч, туулсан түүхэн замналын нэгэн жигүүр нь болсон эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний 20 жилийн ой, “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” үндэсний чуулганд оролцож байгаа эмэгтэйчүүддээ халуун баяр хүргэж, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд “МАН Засгийн эрхийг барьж байх үедээ ямагт нийгмийн суурь асуудлуудад ялангуяа эмэгтэйчүүд, ахмад настан гэх мэт нийгмийн бүлэг бүрт анхаарч ирсэн. Тухайлбал, Жендерийн тэгш байдлын тухай хууль, Одонтой эхчүүдийн мөнгөн урамшууллыг нэмэгдүүлэх тухай хууль, Эрүүл Монгол хүүхэд хөтөлбөр зэрэг олон хууль, бодлогын баримт бичгийг гаргаж хэрэгжүүлсэн” гэдгийг дуулгалаа. Түүнчлэн өнөөдөр ч гэсэн УИХ дахь МАН-ын бүлэг эхчүүд, эмэгтэйчүүдэд ээлтэй хууль, бодлого боловсруулахын төлөө ажиллаж байна. Мөн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал санаачлага гарган ажиллаж буй. Тодруулбал, МАН Засгийн эрх барьж байхдаа Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг оруулан батлуулсан ба намынхаа дүрэмд бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувь хүртэл байхаар тусгасан нь төрийн хууль тогтоомжид орох үндэс суурийг тавьсан хэрэг байсан юм. Цаашдаа ч МАН энэ чиглэлээр ажиллана” гэдгийг онцоллоо.
Чуулганд нийслэлийн есөн дүүрэг, 152 үүр, 21 амгийн 112 сум гээд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн нийт 800 орчим эмэгтэй, НАМЭХ-ны үе үеийн анхдагчид, төв аппаратад нь ажиллаж байсан хүмүүс, мөн урилгаар МАН-ын удирдлага, улс төрийн бусад намын эмэгтэйчүүдийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Мөн Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувд, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэг, Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл нар хүрэлцэн ирсэн байлаа. Чуулганаар “Эмэгтэйчүүд-Нийгмийн хөгжил”, “Эмэгтэйчүүд-Улс төр”, “Эмэгтэйчүүд-гэр бүл” зэрэг сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, бүтээсэн түүх ололт амжилтаа дүгнэн ярилцлаа.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллагуудын гол бүрэлдэхүүн болох НАМЭХ түрүү жилээс эхлэн шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж буй. Тэрхүү шинэ бүтэц анх удаагаа Монгол орон даяар “Эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа”-г хийжээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн өвчлөлийн тухай тодорхой нэг сэдэв, чиглэлээр хийсэн судалгаа цөөнгүй ч Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар, наад захын хэрэгцээгээ хангах нөхцөл бололцоог тусгайлан судалсан тодорхой баримт бичиг төдийлөн байдаггүй байна. Харин НАМЭХ-ны “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгаа” нь урьд өмнө хийгдэж байгаагүй өргөн цар хүрээнд явагдсанаараа онцлог аж. Тодруулбал, 21 аймаг, 9 дүүргийн нийт 15 мянган эмэгтэйг хамруулжээ. Улсын хэмжээгээр хийсэн түүвэрлэлтээс харахад нийт 18 наснаас дээш эмэгтэйчүүдийн 56.4 хувь нь хөдөө орон нутагт үлдсэн 43.6 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг байна. Тиймээс судалгааг тухайн бүс нутгийн 100 эмэгтэй тутмын гурваас нь авсан гэж үзэж болох аж. Судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүдийн 50-иас илүү хувь нь өрхийн амжиргаа, санхүүгийн байдал муу байна гэж үзсэн бол 70 орчим хувь нь банкны ямар нэг зээлтэй, зээлээс зээлийн хооронд амьдарч байна гэж хариулжээ. Эмэгтэйчүүдийн амьдралын талаар хийсэн ийм иж бүрэн судалгаа Монгол оронд сүүлийн 20 жил хийгдээгүй бөгөөд энэ нь НАМЭХ-ны үйл ажиллагаагаа чиглүүлэх гол суурь болох төдийгүй төрийн бодлогод ч орж болох юм гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан юм.
Түүнчлэн баярын чуулганаар МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн талаар оруулах бодлогын шинжтэй асуудлуудыг шүүн хэлэлцлээ. Энэхүү арга хэмжээ нь үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд эмэгтэйчүүдийн нийгэм-улс төрийн идэвхийг дээшлүүлж, НАМЭХ-ны болон орон нутагт байгаа салбаруудынхаа үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой ажээ. Чуулганаас Монголын нийт эмэгтэйчүүдэд хандаж Уриалга гаргах юм байна.
УИХ-ын гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг олон газраас НАМЭХ-ны 20 жил, чуулганы арга хэмжээнд амжилт хүсч, баяр хүргэсэн мэндчилгээнүүд ирсээр байлаа. Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй эмэгтэй улс төрчдийг дэмжих сан нээсэн нь чуулганд оролцогчдын сайшаал, талархлыг хүртсэн юм.
Тэртээ 1994 оны 11 дүгээр сарын 3-4-ны өдрүүдэд халуун сэтгэлээр цугласан 90 гаруй эмэгтэй “Эмэгтэйчүүд хөгжил” хөдөлгөөнийг үүсгэн байгуулснаар өнөөгийн НАМЭХ бий болжээ. Анх байгуулагдахдаа л нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ирсэн эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдсэн тус холбоо 20 жилийн түүхэндээ Монголын мянга мянган эмэгтэйчүүдээр бүл нэмж, эмэгтэйчүүдийн болон хүний эрх, ардчилал, тэгш оролцооны төлөө тэмцэж иржээ. Энэ хугацаандаа Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хэмээн нэрээ өөрчилсөн байна. Мөн Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа гэх эмэгтэйчүүдийн нүүр царай болсон шилдэг гурван бүсгүйгээр удирдуулж иржээ. НАМЭХ нь дотооддоо төдийгүй гадаадад олон түнштэй болж, Социалист интернационал эмэгтэйчүүд байгууллагын бүрэн эрх гишүүн болсон байна.