Дэлхийн 130 гаруй оронд гарч, үндэсний болон олон улсын хэмжээний 30 гаруй шагналын эзэн болсон “Бразилийн өргөн чөлөө” киног “Боловсрол суваг” телевиз өнгөрсөн оны 11-р сараас энэ оны 4-р сар хүртэл үзэгчдэд хүргэж байсан билээ. Киноны төгсгөлийн анги үзэгчдийн дунд нэлээдгүй хүлээлтийг үүсгэж, хэрхэн өндөрлөх бол гэсэн таамаглалуудыг бий болгон, Латин Америк киноны давалгааг эргүүлэн авчирсан гэж хэлж болно. Онц сонирхолтой үйл явдал, өргөн дэлгэцийн бүтээлийн хэмжээний өнгөлөг хийц, шилдэг зохиол (таамаглаагүй үйл явдал үргэлж гарч ирдэг байсан шүү дээ), сайн жүжиглэлт (Карминьяг бараг л үзэн ядтал жүжиглэсэн гэж хэлж болно) зэргийг багтаасан “Бразилийн өргөн чөлөө” кино нь Бразилдаа томоохонд тооцогддог “Rede Globo” телевизийн бүтээл юм.
Өшөө авалт, өршөөл энэрэл, хайр сэтгэл, хорон санаа зэргийг харуулсан энэ кино Өмнөд Америк, Европын улсуудаас гадна Ази, Африкийн олон оронд борлогдсоноор “Rede Globo” телевизийн хамгийн олон оронд борлуулагдсан киногоор шалгарч байжээ. Тэгвэл тус телевизийн дараагийн шилдэг бүтээл, олон орны үзэгчдийн талархлыг хүлээгээд байгаа “Дур булаам бүсгүйчүүд” киног өнөөдрөөс эхлэн “Боловсрол суваг” телевиз гаргахаар бэлдээд байна.
“Дур булаам бүсгүйчүүд” кинонд эцэг эхээс өгсөн нэр нэгтэй, хийж бүтээсэн ажил нэгтэй, хүсэл мөрөөдлөөр нэгдсэн бүсгүйчүүдийн тухай өгүүлэх юм байна. Тэднийг гурвууланг нь Мариа гэдэг. Гурвуулаа гэрийн үйлчлэгчийн ажил хийдэг. Хамгийн чухал нь тэд гурвуулаа дуучин болох хүсэл эрмэлзэлтэй.
Хамтлагийн хамгийн залуу Мариа бол 19 настай, эрч хүчээр дүүрэн, гэрэлтсэн нэгэн. Хэдий амьдрал тааруу, ажил олгогчийнхоо гэрт амьдардаг ч тэрээр хортой, шартай, шазруун, омголон зантай, мөн ямар ч эр хүний хараа булаам бүсгүй. Нэгэн удаа тэрээр найз залуугаа өөр бүсгүйн хамтаар шөнийн клубт байхыг хараад, уураа барьж дийлэхгүй шуугиан дэгдээж, цагдаагийн хэлтэст хүргэгдэх болно.
Харин хоёр дахь Мариа бол арааны шүлс асгаруулам амттай хоолтой тогооч. Ямар ч эр хүний сэтгэлийг хоолоороо татаж чадах тэрээр дуучин болох оргилсон хүсэлтэй. Мөн нэгэн дуучин залууд сэтгэлд алдарч, хайрлаж дурласан дуучныхаа тоглолтынх нь үеэр бие хамгаалагчид нь баригдаж, мөн л цагдаагийн хэлтэст баригдан ирэв.
Тэгвэл гурав дахь Мариа бол бусдаасаа арай ахмад, 34 настай ч мөн л дур булаам эмэгтэй. Нэгэн алдартай эмэгтэй дуучны гэрт үйлчлэгч хийдэг тэрээр эзэгтэйтэйгээ муудалцан цагдаагийн хэсэгт хүргэгдэв.
Ийнхүү гурван Мариа санаандгүй тохиолдлоор яг нэгэн цаг үед, нэг газар цугларснаар мөрөөдлөө биелүүлэх эхлэл нь тавигдаж, киноны үйл явдал өрнөх болно.
Залуу Мариагийн дүрийг 20 настай, үзэсгэлэнт жүжигчин Изабель Драммонд бүтээсэн бол ахмад Мариагийн дүрийг Бразилийн олон ангит киноны гол дүрд тоглосон анхны өнгөт арьст эмэгтэй Таис Араужу бүтээсэн байна. Таис Араужугийн гол дүрд нь тоглосон “Нүглийн дүр төрхүүд” кино “Бразилийн өргөн чөлөө”-гөөс өмнө “Rede Globo” телевизийн хамгийн амжилттай кино гэгдэж байжээ.
Дуу хуур, бүжиг наадам, Латин Америкийн үзэсгэлэнт бүсгүйчүүд, бие хаа тэгширсэн сайхан залуус, мэдээж хөгжилтэй сонирхолтой үйл явдал. Энэ бүгдийг “Дур булаам бүсгүйчүүд” Бразилийн олон ангит кинонд харуулах болно.
Латин Америкийн олон орнууд болон Португал, Швед, БНСУ зэрэг улсуудын телевизүүдээр гарч байсан “Дур булаам бүсгүйчүүд” киног өнөө оройноос эхлэн Даваа-Баасан гараг бүрийн 22:20 цагаас “Боловсрол суваг” телевизээр хүлээн авч үзээрэй.