Ж.Эрдэнэбат: Байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2014.12.15-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбат: Байдал хүнд байна

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас 2014 оны төсвийн тодотголын хүрээнд  цөөн асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн долоо хоногт 2014 оны  төсвийн тодотголыг өргөн барив. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Ажлаа аваад удаагүй байна. Энэ богино хугацаанд Засгийн газрын бүтэцтэй холбоотойгоор 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан байгаа. Ер нь байдал хүндхэн  байгаа. Маш  олон санхүүжих  зардлууд ар араасаа хүлээгдсэн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 64 хувьтай байна. Он дуусах хүртэл үлдсэн арав гаруй хоногт 600 гаруй тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх шаардлага Сангийн яаманд тулгараад байна. Орлого  төвлөрүүлдэг байгууллагууд маань 12 дугаар сард төвлөрүүлэх ёстой орлогоо бүрэн төвлөрүүлэхээ илэрхийлсэн. Харамсалтай нь өмнө нь орлогын төлөвлөгөө  нэг их наяд төгрөгөөр тасарсан учраас энэ нэг их наяд төгрөгийн зарцуулалтыг бүрдүүлж гаргах асуудал нь хүндрэл үүсгэсэн. Төсвийн  тодотголыг бодит нөхцөлд тулгуурлан өргөн барихыг  бодсон ч  хугацааны хувьд төсвийн жил  дуусах дөхсөн байхад санхүүжилтүүд  дандаа өр хэлбэрээр эх үүсвэрээ бий болгоод  гарчихсан байна.  Өмнөх Засгийн газрын хэрэглэсэн зардлыг хасч тооцох ямар ч бололцоогүй,  бодит байдалд нь нийцүүлж орлого, зарлагыг тус бүр  нэг их наядаар бууруулах боломжгүй байна. Тиймээс  өмнөх Засгийн газрын тавьсан өрийг барагдуулах, бүтэцтэй холбогдуулан яамдад бүтэц, орон тооны хуваарилалтыг хийх чиглэлд 2014 оны төсвийн тодотголыг хийсэн.

-Тасарсан орлогыг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх гарц байгаа вэ?

-Төлөвлөснөөс 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутуу байгаа. Гэхдээ гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэж Сангийн яам шийдсэн. Тендер нь зарлагдаагүй төсөл хөтөлбөрүүд ч бий. Он дуустал 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага бий. Бидний хувьд  ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар ярьж байна. Нэгэнт төрийн сангийн данс хэдэн зуун тэрбумаар хасах руу орж дутуу биелсэн  орлогынхоо төлөвлөгөөний  гүйцэтгэлийг хангаад явчихсан байгаа. Тиймээс урсгал зардал,  хөрөнгө оруулалтын зардалд нийтдээ 600 тэрбумыг гаргана. Нийт олох бололцоотой орлого нь 300 орчим тэрбум гэж тооцоолж байгаа. Үлдсэн орлогыг ямар эх үүсвэрээс яаж бүрдүүлэхийг Засгийн газраас шийдвэр гаргаж  шийднэ.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж