УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс Байнгын хороо, УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төсөл, Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим асуултад хариулт авлаа.
-Засгийн газар байгуулагдаж ажилдаа орлоо. Бие даагч гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байсан?
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж өөрийн кабинетаа бүрдүүллээ. Ерөнхий сайд багаа бүрдүүлэх, сайд нар томилох бүрэн эрхтэй, дараа нь бүх хариуцлагаа хүлээдэг. Гэтэл багаа бүрдүүлэх явцад нь УИХ-ын 73 гишүүн хойно, урд нь гүйж явсаар сайдын суудал авлаа. Намуудын зөвшилцөх ажлын хэсэг хуралдсан цагийнхаа 50-иас илүү хувьд нь сайдын суудал, албан тушаал ярьсан. Гуйлгын, шантаажны Засгийн газар байгууллаа. Дараа нь тэд Ерөнхий сайд, Засгийн газраасаа хариуцлага тооцох эрхгүй, боломжгүй болж байна. МАН зургаан яам аваагүй байхдаа эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаагүй байх нь. Ийм болтлоо хоёр нам доройтсон байна. Энэ бүгдийг засч, залруулахын төлөө бие даагч гишүүд ажиллана. Хэрвээ Ч.Сайханбилэгийн Загсийн газар муу ажиллавал энэ 73 хамтдаа хариуцлага үүрэх ёстой. Тэдэнд хариуцлагатай ажиллах, үр дүн шаардах эрх нь байхгүй болчихож байгаа юм.
-2014 оны төсвийн тодотголыг өнгөрсөн баасан гаригийн чуулганаар хэлэлцсэн. Худлаа төсөв оруулж ирлээ гэж олон гишүүн шүүмжилсэн. Та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ долоо хоногийн хамгийн гол хэлэлцэх асуудал бол 2014 оны төсвийн тодотгол. Эхний хэлэлцүүлэг чуулганаар явсан. Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөн учраас төсвийн тодотгол хийнэ. Аж үйлдвэрийн яам ямар ч төсөвгүй байгаа. Тиймээс төсөвгүй яамдыг төсөвтэй болгох үүднээс тодотгол хийнэ. Төсвийн орлого хүнд байгаа учраас хэмнэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ намууд нэгдэснээр, хэмнэлт хийхийг хүсэхгүй байна. Өнөөдөр дахиад л “бялуу”-гаа хуваагаад дэд сайдын суудлаа яриад л сууж байна. Биднийг тийм зүйл яривал “биеэ үнэллээ” энэ тэр гээд сүйд болно. Өөрсдөө бол ичих нүүргүй суудлаа булаацалдаж байна. Уг нь дэд сайдыг цомхотгох хэрэгтэй байсан юм. 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа дэд дарга нарыг цөөлсөн. Гэтэл дэд сайдаа цомхтгохгүй, хэмнэлтээ бүрэн утгаар нь хийхгүй байна. Тэдэнд улс төрийн албан тушаалаа хаших зорилго л байна. Хэрвээ дэд сайдаа цомхотговол цаашдаа зөв жишиг тогтоно. Гэхдээ бид төсвийн хэлэлцүүлгийн явцад дэд сайдын албан тушаалыг байхгүй болго гэдэг шаардлага тавина.
-Оюутолгойн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуулт явуулсан гэж байсан.Энэ талаар юу гэх вэ?
-Ганц үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэлтгүй “Рио Тинто” группын ерөнхий захирал Sam Walsh-д захидал явуулсан. Энэ болгонд тэд хариу өгдөггүй. Олон жил тэмцэхэд Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх гэж хүн хариу ирүүлсэн ч асуултад тодорхой хариулт өгөөгүй. Тиймээс Г.Батсүх гэдэг хүнтэй өнөөдөр 14:00 цагт, Төрийн ордонд уулзах хүсэлт тавьсан боловч одоохондоо хариу өгөөгүй байна. Оюутолгойг 2014 оны нэгдүгээр улиралд 214 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллуулсан. Компани ингэж их алдагдалтай ажиллаад байхаад ТУЗ-ийн гишүүд яагаад цалин аваад зүгээр суугаад байна вэ. Ялануяа монголын талын гурван гишүүн хариу өгөөгүй байна. Үндэсний аюулгүй байдлын газар ч таг чиг. Хянан шалгах зөвлөл гэж байгуулах ёстой ч өнөөдөр хүртэл байгуулаагүй байна.
С.ОТГОН