Амин-Эрдэнэ охин нь 2014 оны 04 сарын 04-ны өдөр эцэг, эхдээ хайр дагуулж Баярсайхны гэр бүлд 4 дэх хүүхэд нь болон мэндэлсэн. Хорвоод мэндлээд наймхан сар болж буй бяцхан охин төрөлхийн зүрхний ховдол хоорондын тосгуур 1 см цооролттой, артерын судасны даралттай гэсэн хавсарсан оноштой юм.
Эх нялхасын эрүүл мэндийн төвийн зүрхний эмч нарийн байнгын хяналтанд байдаг. Эмчилгээг Монгол улсад хийх боломжгүй бөгөөд Энэтхэг улсын Max super hospital эмнэлэгт хувийн зардлаар зүрхний хагалгаа яаралтай хийлгэх шаардлагатай бөгөөд зардалд нийтдээ 30-35 сая төгрөг шаардлагатай болжээ.
Биедээ баймгүй хүндхэн ачааг үүрч амьдрахын төлөө тэмүүлж байгаа Б.Амин-Эрдэнэ охинд тусалж, сэтгэлийн дэм өгөхөөр Монголын мянга мянга залуусын төлөөлөл болсон сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус “3 САЯ ЗҮРХ” хэмээн хандивын аянг эхлүүлж богинохон хугацаанд эрчимтэй ажиллаж чадсан байна.
“3 САЯ ЗҮРХ” хандивын аянд Капитал банкны хамт олон нэгдэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн салбар нэгжийн ажилтнуудаас сэтгэлийн хандив өргөж, охины ирээдүйд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж, нийт цугларсан хандивын мөнгийг валют арилжааны хамгийн хөнгөлттэй үнээр арилжаалж дэмжлэг болгон өглөө.
Б.Амин-Эрдэнэ өнөөдөр буюу 2014 оны 12 сарын 12-ны өдөр 15:00 цагт Чингис хаан ОУНОБ-аас Энэтхэг улсыг зорьж нисэх юм. Б.Амин-Эрдэнэ дүүдээ эрүүл саруул, цовоо сэргэлэн охин болж ирээд гэр бүлдээ тустай, ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээх мундаг охин болоорой гэж Капитал банкны ах, эгч нараас нь хүсэн ерөөе.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
КАПИТАЛ БАНК