БНСУ-ын хамгийн том гэгдэх иргэний агаарын тээврийн "Korean Air" компанийн дэд захирал, Ханжин группийн ерөнхий захирлын охин Чу Хён А нь нисэхээр завдаж байсан онгоцыг буцааж дураараа аашилсан явдал болсон билээ.
Тэрээр нэгдүгээр зэрэглэлийн суудалд суусан зорчигчдод өгөх хатаасан самрыг зориулалтын тавганд хийж өгөх бус харин ууттай нь өгсөнөөс болж, тус онгоцны үйлчлэгчдийн ахлагчийг онгоцноос буулгасны дараа онгоцыг нисгэсэн юм.
Онцгой тохиолдолд онгоцны ахмад болон нислэгийн төвийн шийддэг энэхүү тушаалыг компанийн захирал хийдэг бүсгүй гарган, гүйлтийн замдаа орон явж байсан 250 зорчигч бүхий нисэх онгоцыг буцааж, зорчигчдын аюулгүй байдал, тав тухад онцгой нөлөөлсөн уг хэрэг тус улсад болон гадаадын орнуудад ихээхэн шуугиан дэгдээлээ.
Чу Хён А захирлын аав, Ханжин группийн ерөнхий захирал Чу Ёнг Ху өчигдөр нийт иргэдээс уучлалт гуйн бөхийн ёсолж, охиноо буруу хүмүүжүүлсэндээ гэмшиж байна гэж мэдэгджээ. Харин дэд захирлынхаа албан тушаалаас сайн дураараа татгалзсанаа мэдэгдсэн Чу Хён А, БНСУ-ын Зам, тээврийн яамны Галт тэрэг, нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах хороонд өнөөдөр өглөө дуудагдан очсон байна.
Эх сурвалж: www.times.mn