Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч А.Алтанцөгц цагдаагийн үүрэгт албанд орсноосоо хойш 39 хүний амь насыг аварчээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойгоос Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын гүүр хүртэлх чиглэлд харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс Нийслэлийн аврах ангийн гурван бүлэгтэй хамтран завьтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа тэрбээр олон хүнд буян болсон байна. Энэ оны долдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, голын урд талд үерт автлаа гэсэн мэдээллийн дагуу очиж, долоон хүн үерт боогдож, амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байсныг шуурхай ажиллагаа явуулан аварчээ.
Мөн наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд Туул голд завьтай хоёр иргэн хөмөрч живсэн байна гэсэн мэдээллийн дагуу очиж гурван настай хүүг, 54 настай өвөөтэй нь хамт аварсан байдаг. Мөн Минж үржүүлгийн баруун талд Туул голд бөмбөгний хойноос гурван хүн үсрээд орчихлоо гэсэн мэдээллийн дагуу голд урсаж байсан гурван хүнийг амь насыг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн гээд түүний бүтээсэн баатарлаг үйлс олон бий. 39 хүний амь насыг аварч ар гэрт нь болон цагдаагийн байгууллага, түргэн тусламжийн 103-т цаг тухайд нь хүлээлгэн өгсөн энэ ачтай залуугийн тухай харин хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тэрбээр хүмүүсийг аврахаас гадна санамсар болгоомжгүйгээс болон согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс голын усанд орж амь насаа алдсан 27 хүний цогцсыг гаргаж байжээ.
Д.ЦЭЭЛ