Хэдхэн хоногийн дараа Монголчууд бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна. Шинэ оны босгон дээр албан байгууллагууд, найз, нөхөд, анги хамт олон, гэр бүл гээд өөр, өөрсдийн хүрээнд баярлан, цэнгэдэг уламлжлалтай.
Тэгвэл монголчууд бид дуу, хуургүйгээр баяр, ёслолыг төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч аливаа баяр, ёслол, найр наадамд гурван дуутай байхыг эрхэмлэдэг. Улмаар арванхоёрдугаар сар бол урлагийнхны хувьд “халтуурны” сар байдаг. Тиймээс ч аль хэдийнэ хэн хэдэн төгрөгөөр ая, дуугаа өргөхөө хэдийнэ хэлэлцэж, тохиоролцжээ.
Тухайлбал, 5.5 сая төгрөгөөр дуулах ханш дуугарсан Төрийн соёрхолт Д.Болд 2014 оны хамгийн үнэтэй дуучнаар онцгойрч байна. Харин МУГЖ дуучин Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нар 2-3 дууг дөрвөн сая төгрөгөөр дуулах бол “Гурван охин”, “Киви” хамтлагуудын гурван дуу 2.5-3 сая төгрөгийн үнэтэй байна. Амьд хөгжмийн хамтлагуудын томоохон төлөөлөл болох “Хурд” хамтлаг бүх гишүүдтэйгээ хүрэлцэн ирж амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх учраас дөрвөн сая төгрөгөөс эхэлнэ. “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан 3.5-4 сая төгрөгөөр гурван дуу дуулах гэнэ.
Мөн зохиолын дуучид болох П.Идэржавхлан, Э.Төрмандах, Б.Буянжаргал, н.Намсарайноров гэх мэт дуучид 1-1,5 сая төгрөгөөр 2-3 дуу дуулах юм байна. “Татар” хамтлаг гурван дуугаа хоёр сая 500 мянган төгрөгөөр, поп опера урсгалаар дуулдаг “Увертюра” хамтлаг хоёр дууг хоёр сая төгрөгөөр дуулах бол дуучин A Cool 1,5-2 сая төгрөгөөр дуулах аж.
“UBS” телевизийн “Universe Best Songs” наадмаас түрэн гарсан дуучид танай хамт олны баярын цэнгүүн дээр хамгийн хямд буюу 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр дуулж өгөх юм байна. Ямартай ч хамтлаг дуучдын ханш өнгөрсөн жилийнхээс нэг их өсөөгүй тухай ярьж байгаа юм. Улс орон даяар эдийн засаг хямарсан энэ цаг үед Засгийн газраас хүртэл төрийн бүтцийг цомхотгож, хэмнэлтийн горимд шилжихээ мэдэгдсэн билээ.
Тэр ч бүү хэл урлагийнхны зарим төлөөлөл шинэ жил тэмдэглэх мөнгөө буяны үйлст хандивлахыг уриалаад байгаа юм. Харин байгууллагууд маань яаж, ийгээд тэдний хэлсэн үнийг төлөөд ганц, хоёр дуу дуулуулж, баяр дээрээ өнгө нэмэхээр чардайцгааж байгаа сурагтай.
Эх сурвалж: www.mminfo.mn