Олон улсын нохой чаргаар ганцаарчлан аялах уралдаанд оролцохоор цахим санал асуулгад өрсөлдсөн Э.Цэрэндолгор 10 орчим мянган саналын илүүтэйгээр түрүүллээ.
Уг санал асуулгад хамгийн идэвхитэй, сэтгэл нэгтэй оролцсон улс нь монголчууд байсан бөгөөд түүнтэй өнөөдөр хүртэл хүчтэй өрсөлдсөн хамгийн хүчтэй өрсөлдөгч Пакистаны Мойн Хан хараахан гүйцэж чадсангүй.
Монголоос өрсөлдөж буй Э.Цэрэндолгор саналын тоогоор тэргүүлэхэд монголын 100 мянган файсбүүк хэрэглэгчдийн бараг тал хувь нь саналаа өгсөн бөгөөд эцсийн мөч хүртэл урам зоригоо нэгтгэх, монголчууд санаагаа нэгтгэвэл 180 сая хүнтэй Пакистаны дэмжигчдийг ч дийлж чадахыг харуулсан байна.
Эцсийн мөч хүртэл монголчууд “Одоо бага зэрэг баярлаж болноо, харин тайвшрах болоогүй байна…Баярлалаа чамд Мойн Хан, Монголчууд биднийг нэгтгэсэнд, бид чамайг манай Сайхан оронд морилон саатаж, дугуйтай аялалаа хийхийг хүсэж байна, одоо бол бид Пакистан улсаас чамайг л хамгийн ихээр таньдаг мэддэг нь боллоо. Бид удахгүй ЯЛАЛТ – аа авчаад энэ Мойн Хан -д талархах болноо… Учир нь уралдааныг ийм сонирхолтой болгож МОНГОЛЧУУД БИДНИЙГ ЭВЛЭЛДЭН, НЭГДВЭЛ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ҮГҮЙ гэдгийг маш сайн ойлгуулж харуулсанд бид талархах болно шүү Би монголынхоо далбааг хойд туйлд мандахыг хармаар байна. Бас монголчуудынхаа эв нэгдэл, монгол эмэгтэйн зоригоор бахархмаар байна..” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсээр байлаа.
Анх 1997 онд Аляскад болдог нохой чарганы тэмцээнээс санаа авч Шведэд зохион байгуулах болсон уг тэмцээн нь уул тал, ой мод, гол нуур дамнан хүнд бэрх 350 км зам туулдаг гэнэ.
Б.ШАРХҮҮ