УИХ-ын Тамгын газар эмхэтгэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газар эмхэтгэл гаргалаа

УИХ-ын Тамгын газар, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран сэтгүүлчдэд зориулж “Парламентын нээлттэй, ил тод байдал, парламентын сэтгүүл зүйн онцлог, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага” эмхэтгэл хэвлэн гаргасан талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл нар өнөөдөр /2014.12.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл сэтгүүлчдэд зориулсан тус эмхэтгэлийг бэлтгэн гаргахад Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл, Швейцарийн хөгжлийн агентлаг ихээхэн дэмжлэг үзүүлснийг мэдээллийн эхэнд онцолсон. Мөн тэрээр эмхэтгэлд парламентын сэтгүүл зүйн мөн чанар, нийгмийн үүрэг зорилго, Монгол дахь парламентын сэтгүүл зүйн үүсэл хөгжил, түүнийг боловсронгуй болгоход тавигдах шаардлага, өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын төлөв, парламентын мэдээллийг олон нийтэд хүргэдэг бусад улс орны туршлага, судалгааны материалуудыг багтаасан талаар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, “ Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын сэтгүүлчдийн холбоо олон жил хамтарч Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд бодитой, үнэн зөв хүргэх чиглэлээр ажиллаж байгаагийн нэг нь энэхүү хамтран гаргасан эмхэтгэл юм. Эмхэтгэлийг гаргах болсон гол зорилго нь парламентын сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг, сэтгүүлчийн ур чадварыг дээшлүүлэх, бусад улс орны парламент сэтгүүл зүйн чиглэлээр хэрхэн ажилладаг талаарх туршлагыг судлуулж, түүнийг нэвтрүүлэх зорилготой. Та бүхэн энэхүү эмхэтгэлийг уншиж судлан өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хууль тогтоох үйл ажиллагааг үнэн бодитой, хүртээмжтэй сурталчилснаар иргэд олон нийт зөв хүлээж авах, ингэснээр өөрсдийн санаа бодлыг хууль, тогтоомж хэлэлцэх явцад илэрхийлж, шийдвэрт нь тусгуулах, баталсан хууль тогтоомжийг ойлгож хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй болно гэж үзэж байгаа юм. Улсын Их Хурлын Тамгын газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА” -тай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд парламентын сэтгүүлчдийн үйл ажиллагаанд тодорхой өөрчлөлт орсон. Ялангуяа мэдээ, мэдээллээ дамжуулах техник хэрэгслээр тоноглосон тусгай өрөөнд парламентын сэтгүүлчид үйл ажиллагаагаа явуулах, тусгай цэгүүдэд ярилцлага авах зэрэг өөрчлөлтийг Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журамд шинээр оруулсан. Цаашид Парламентын Сэтгүүлчдийн Холбоотой хамтран сэтгүүлчдийг илүү их туршлага судлуулах, сургалт явуулах чиглэлд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Мөн парламентын сэтгүүл зүйн мөн чанар, нийгмийн үүрэг зорилго, парламентын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын төлөвийн асуудлаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ, Доктор, дэд профессор Д.Батмөнх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр “Парламентын нээлттэй, ил тод байдал, парламентын сэтгүүл зүйн онцлог, сэтгүүлчийн ёс зүй, хариуцлага” эмхэтгэлийн дээжээс сэтгүүлчдэд гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж