Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын санаачлан өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд өөрчөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Хуульд өөрчлөлт оруулах хүрээнд дараах зүйлүүдийг тусгажээ. Үүнд нэгдүгээрт, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах стандарт болон анхааруулах тэмдгийн талаар тусгасан байна. Хоёрдугаарт, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин болон нийтийн эдэлбэр газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор зохицуулжээ.

Нийтийн эдэлбэр газарт байгуулах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хэрэв аж ахуйн нэгж, байгууллага байгуулах бол тухайн этгээд хариуцахаар тусгасан юм байна.

Хууль батлагдсан нөхцөлд хүн амын эрүүл мэндийг тамхины шууд болон шууд бус нөлөөллөөс хамгаалах, тамхинаас үүсэх хог, хаягдлыг нэг цэгт төвлөрүүлэн цэвэрлэх, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон хүндрэл, төсөв, зардлыг хэмнэх, орчны цэвэр цэмцгэр байдалд эергээр нөлөөлөх зэрэг эрх зүйн орчин бүрдэж хуулийн хэрэгжилт сайжирч амьдралд нийцнэ гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа юм.

УИХ-аар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэний дараа мөн энэхүү хуулийн төсөлтэй нэр нэг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэхүү төсөлд тамхи худалдан борлуулах цэг нь сургууль, цэцэрлэгээс 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор болгон өөрчлөхөөр заажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж