Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр гурван сая хүний эрүүл мэндийн асуудлыг хариуцаж буй эрүүл мэндийн салбарыг өөд нь татах үүрэг хүлээгээд байна. Ханиад томууны улирал эхэлж, кридорын шалан дээр зулж хэвтсэн хүүхдүүдийн дүр зураг хэн хүний сэтгэлийг эмзэглүүлж байна. Энэ эмзэг сэдвээр дөрөөлж Засгийн газраас Соёл, спорт, ачлал жуулчлалын яамны байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн талаар мэдээлсэн. Эрүүл мэндийн сайд ч энэ чиглэлд анхаарч ажлынхаа эхний алхмыг хүүхдийн эмнэлгээс эхэлсэн гэнэ. эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн гуравдахь шатлалын лавлагаа тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, хоёр зөвлөх поликлиниктэй, эх хүүхдийн талаарх эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг улсын түвшинд хариуцан ажилладаг сургалт, эрдэм шинжилгээний салбартай ганц үндэсний төв эмнэлэг. Энэ эмнэлэгт жилдээ 12 мянган эх амаржиж, 10550 мэс заслын хагалгаа эх, эмэгтэйчүүд, хүүхдэд хийсэн байна. Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба тус төвийн дэргэдэх Хүүхдийн зөвлөх поликлиник, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагтай танилцсан. Хүүхдийн яаралтай тусламжий тасагт өдөртөө 100-200 хүүхэд үйлчлүүлж байна. Улирлын чанартай томууны өвчлөлтэй холбоотойгоор өндөр халуурч татсан, бөглөршилт, гуурсан хоолойн багтраа, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас халуун бууруулах эмийг их хэмжээгээр ууж хордсон хүүхдүүд олонтаа ирж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 375 дугаар тушаалаар 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдийн яаралтай тусламжийн тасаг ажиллаж эхэлжээ. Харин тоног төхөөрөмжийн хувьд боломжийн гэдгийг Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Г.Амар хэллээ. 1987 онд ашиглалтад орсон барилгын агааржуулалт шаардлага хангахаа больжээ. Агааржуулалтын систем нь Орос улсынх, олон жил ашигласан учраас сэлбэг хэрэгсэл нь олдоц ховор болсон гэнэ. Эмнэлгийн зүгээс хөрөнгө оруулалтынх нь тооцоог хийгээд төсөвтөө оруулдаг ч шийдэгдэж чадалгүй ард нь үлдсээр өдийг хүрчээ.
Эмийн төсөв тулгамдсан асуудал болжээ
Бүх эмнэлгүүдэд тулгамдаад байгаа эмийн төсөв хөрөнгө хүрэлцэхээргүй болжээ. Энэ байдал ЭХЭМТ-т мөн хүндээр тусахыг учирлаж байлаа. Эрүүл мэндийн сайдын багцын 13 хувь нь эмэнд зарцуулагддаг буюу өнгөрсөн онд 69 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ онд 60 тэрбум болж буурсан байна. Энэ нь улсын хэмжээнд 18 хувиар, нийслэлийн хэмжээнд 28 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ байдлаараа явбал 2015 онд эмийнхээ 50 хувийг л авах боломжтой гэнэ. Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авч ажиллахаа энэ үеэр хэллээ. Тэрбээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь танин мэдэхүйн шинжтэй зүйл биш гэсэн юм. Түүнд Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаа ердөө 1.5 жил. Ажилтайгаа танилцах гэж цагаа алдалгүй урагшлах л зам байна. Эмнэлгүүдтэй танилцах танин мэдэхүйн ажил, нийгмийн эмзэг сэдэвт дөрөөлсөн шоу, танилцах дадлага бидэнд хэрэггүй шүү Г.Шийлэгдамба сайдаа.
С.ОТГОНСҮРЭН