Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсан даруйдаа чиг үүрэг нь давхацсан хэд хэдэн агентлагийг татан буулгаж, төсвийн 20 тэрбумыг хэмнэхээ мэдэгдэв. Эдийн засгийн хямралтай тэмцэх Шийдлийн Засгийн газар хамгийн түрүүнд Цөмийн энергийн газрыг татан буулгаж, Ашигт малтмалын газартай нэгтгэх шийдвэр гаргалаа.
Цөмийн технологи бол хүн төрөлхтний ирээдүй. Хямд эрчим хүч бол улс орны хөгжлийн түлхүүр. Энэ утгаараа дэлхийн олон орон атомын цахилгаан станцын хөгжлийн зүтгүүр хэмээн тодорхойлж байна. Цөмийн техник, технологийн хэрэглээ дэлхий дахинд жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр сүүлийн жилүүүдэд олон улсын зах зээлд ураны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнэ нь өсөх болов.
Цөмийн зэвсгийн аюулыг хамгийн ихээр амссан Японы ард түмэн цөмийн эрчим хүч бол хөгжлийн түлхүүр гэдгийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Тийм ч учраас илүү сайн, илүү найдвартай технологийг ашиглан цөмийн эрчим хүч үйлдвэрлэж авах нь тус улсын гол бодлого нь болж байна.
Казахстаны хөгжлийн хурд бол газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, атомын цахилгаан станцтай болох зорилго. Тус улс ОХУ-ын тусламжаар эрчим хүчнийхээ хэрэглээний 30 хувийг атомын цахилгаан станцаас гаргаж авахаар төлөвлөж байна. Зүүн Азид эрчим хүчний хаанчлал тогтоохоор Вьетнам улайрч буй. Тэд цөмийн хямд эрчим хүчээр зүүн Азид гол тоглогч болохоор бэлтгэж байна. Тус улс 2020 онд ашиглалтанд оруулах, тус бүр 2000 МВт чадалтай хоёр цөмийн станцыхаа нэгийг ОХУ, нөгөөг нь Японы тусламжтайгаар барьж байгаа юм.
Тэгвэл манай улс хөрш орнууд цөмийн салбарт ямар бодлого барьж буйг сонирхъё.
Хятад улс цөмийн эрчим хүчний реакторынхоо тоог 59-д хүргэхээр зорьж байна. ОХУ шинээр арван реактор барьж байгаа юм. Цаашдаа 28 реакторыг нэмж барихаар судалгаа хийж байна. БНСУ шинээр зургаан реактор барихаар, Япон 9-ыг нэмэхээр, төлөвлөж буй бөгөөд Арабын Эмират 1400 МВт чадалтай дөрвөн реактор 2020 онд ашиглалтанд оруулах тухай 40 тэрбум долларын өртөгтэйг гэрээ БНСУ-тай байгуулаад ажилдаа орлоо. Пакистан БНХАУ-ын тусламжаар 300 МВт буюу дунд чадлын реактор барьж байна
Ирэх жилүүдэд шинээр атомын цахилгаан станц байгуулахаар захиалаад байгаа 40 улсын арав нь урьд өмнө нэг ч цөмийн реакторгүй байсан орнууд юм. Ихэнх нь Ази, Африкын хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Турк, Вьетнам, Бангладеш атомын цахилгаан станцтай болохоор захиалга өгчээ. Тэдгээр улсуудын захиалгыг биелүүлэхээр дэлхийд нэртэй Арева (Франц), РосАтом (ОХУ), Женерал электрик (АНУ), Тошива (Япон) зэрэг томоохон компаниудтай сүүлийн жилд цоройн гарч байгаа Солонгос, Хятадын шинэ компаниуд өрсөлдөж байна.
Тэгвэл далайд гарцгүй, эрчим хүчийг асар өндөр өртөгөөр гаргаж авдаг, хөгжил дорой, нийслэл нь агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүдэж байгаа Монголын хөгжлийн бодлого хаана явна. Ирэх оны төсвийг 20-30 тэрбумаар хэмнэхээс илүү ирэх арван жил, хорин жилийн дараах эдийн засгийг хөгжлийг түргэтгэх эрчим хүчний том бодлого бидэнд байна уу?
Хэрэв бид газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэржсэн Монгол больё гэвэл эхлээд хямд, найдвартай, хүртээмжтэй эрчим хүч гарцаагүй шаардагдах болно.
Ийм эрчим хүчийг нүүрснээс юм уу, эсвэл нар салхинаас гаргаж авах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, импортлогч биш үйлдвэрлэгч Монгол болоход бидэнд атомын эрчим хүч л хэрэгтэй байна.
Агаарын бохирдлоос салж, гэр хорооллыг барилгажуулахад хямд эрчим хүч шаардагдана. Өнөөдрийнх шиг зардал ихтэй, дулааны цахилгаан станц болон, нүүрсний уурхайнуудын алдагдал нь хэдэн зуун тэрбумаар яригдаж байгаа нөхцөлд юун үйлдвэрлэл, юун барилгажилт. Улаанбаатарын цахилгаан, эрчим хүчний хэрэглээг хангаж чадахгүйд хүрсэн Монголд уг нь бурханаас заяасан том бэлэг бий. Тэр нь газрын доорх баялаг. Баялгаа ашиглахгүйгээр, уранаа үйлдвэрлэлд оруулахгүйгээр Монгол хөгжлийн тухай төлөвлөх хэцүү. Магадгүй яг энэ чигээрээ нүүрсээ түлээд амьдарлаа гэхэд Монгол бусдаас арав биш, 50, зуун жилийн хөгжлөөр хоцорно.
Монголчууд бид атом аюултай гэж ойлгодог. Тийм ч учраас атомыг үзэн ядагдсад ч олон. Иргэний хөдөлгөөнийхөн, эх орончдоос эхлээд Монголд атомын цахилгаан станц огт хэрэггүй гэх хүмүүс цөөнгүй. Гэхдээ яагаад? Яагаад бусад орон хямд эрчим хүч рүү шунаж байхад, Монгол түүнээс айх ёстой вэ. Яагаад гэвэл Монголыг хөгжил буурай, ядуу дорой хэвээр нь үлдээх сонирхол гадныханд багагүй байгаа болохоор тэр. Цөмийн энергийн газрыг татан буулгах шийдвэрийг эрдэмтэн судлаачид эсэргүүцэн, иргэний хөдөлгөөнийхөн баярлан хүлээн авч байна.
Гэхдээ баярлах шалтгаан юу байгааг олж харъя. Жилийн жилд Улаанбаатарын утааны асуудал эрх баригчдын толгойны өвчин болсоор ирсэн. Эсгий хороололтойгоо, монголчууд нүүрс түлж байгаа цагт Улаанбаатарын утаанд олон зуун тэрбумыг зарцуулаад ч олигтой үр дүн авчирч чадахгүй.
Эмч мэргэжилтнүүд өвлийн цагт жирэмслэх хэрэггүй гэдэг сонирхолтой зөвлөгөөг эмэгтэйчүүдэд өгөх болсоор хэдэн жил өнгөрлөө. Утаанаас болж ураг эндэх нь энгийн үзэгдэл болов. Ингээд яваад байх уу, эрчим хүчний бодлогоо өөрчлөх үү?
Цөмийн энергийн газрыг татан буулгахын тулд эхлээд Цөмийн энергийн тухай хууль болон бодлогоо өөрчлөх ёстой. Гэтэл Монголын парламент баталсан хуулиа зөрчих нь бараг л хэвийн явдал болжээ. Иргэний хөдөлгөөнийхөнд ад үзэгдсэн энэ байгууллагыг татан буулгаж, цөмийн бодлогоо орхигдуулж болно. Гэхдээ төсвийг ингэж хэмнэнэ гэж байгаа бол хөгжлийн тухай мартах хэрэгтэй юм. Цөмийн технологигүйгээр Монгол хөгжиж чадах ч үгүй, хөгжих ч үгүй. Энэ салбарт зарцуулж ирсэн төсөв үнэндээ ичмээр л дамшиг юм билээ.
Хогны уутны мөнгө гурван тэрбумаас зургаан тэрбум гаруй болтлоо өссөн. Тэгэхээр хогны уут тараах уу, хүн төрөлхтний хөгжил дэвшилд хүргэх цөмийн салбартаа хөрөнгө хаях нь зөв үү?
Татварын байцаагчдын хоёр жилийн дотор урамшуулал хэлбэрээр халаасалсан 4 тэрбум төгрөг бол манай цөмийн энергийн салбарт зарцуулж байгаа хоёр жилийн төсөв.
Хогныхоо уутыг тараахаа зогсоож, татварын байцаагчдад өгдөг урамшуулалын мөнгийг нь олгохоо больчиход л улсын төсөв дор хаяж 10 гаруй тэрбумыг хэмнэж байна. Төсвөө хэмнэхийн тулд цөмийн салбараа татан буулгах Монголд ингэхэд хөгжлийн том бодлого байна уу. Хэрэв цөмийн технологи улс орны хөгжлийн тархи мөн юм бол тархиа гээгээд Монгол хаа хүрэх вэ?
Ж.ЭРХЭС