EPA/MICHAEL KAPPELER
ХБНГУ-ын канцлер Ангела Меркель найм дахь удаагаа эрх баригч эвслийн Христийн Ардчилсан холбооны (ХАХ) даргаар улиран сонгогдлоо. Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн хоёр өдөр Кёльн хотноо болсон уг намын хурлын гишүүдийн 96,7% нь Ангела Меркелийг даргын сонгуульд дэмжсэн байна. Орон нутгийн ажиглагчид түүнийг даргаар сонгогдоно гэдэгт эргэлзээгүй бөгөөд тэдэнд ХАХ-ны дээд зөвлөлийн бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг нь сонирхолтой байсан юм.
Энэ удаа долоон суудлын төлөө найман хүн өрсөлдсөн байв. Хамгийн сүүлд Германы Эрүүл мэндийн сайд Херман Греэ нэрээ татсанаар дээд зөвлөлд Сангийн сайд Вольфганг Шойбле, ХАХ-ын жигүүрийн Эрүүлийг хамгаалах асуудлын шинжээч Йенс Шпан, удирдах зөвлөлд анх удаагаа орж ирсэнСаар муж нутгийн ерөнхий сайд Аннегрет Крамп-Карренбауэр, Европарламентын депутат Дэвид Макалистер, Саксонийн ерөнхий сайд Станислав Тиллих, ХАХ-д байгуулагдсан Нийгмийн бодлогын байгууллагын дарга Карл-Йозеф Лауманн, Эрүүлийг хамгаалах асуудал эрхэлсэн Берлины статс-нарийн бичгийн дарга Эмине Демирбюкен-Вегнер тус тус сонгогдлоо.
Мянга орчим төлөөлөгчдийг цуглуулсан их хурал таван орлогч даргатай байхаар шийдэв. Намын орлогч даргаар Батлан хамгаалах яамны сайд Урсула фон дер Ляйен, Рейнланд-Пфальц муж нутгийн парламентын ХАХ-ын жигүүрийн тэргүүн Юлиа Клекнер, Гессен муж нутгийн ерөнхий сайд Фолькер Буфье, Хойд Рейне-Вестфали муж нутгийн намын дарга Армин Лашет, Баден-Вюртембергийн намын дарга Томас Штробльнар сонгогдлоо.
Үүнээс илүү саналын Меркель 2012 онд авч байсан ба 2004 оны хурал дээр түүнийг 88,4 хувь дэмжсэн нь хамгийн бага санал байжээ. Меркель ХАХ-ыг 2000 оны дөрөвдүгээр сараас толгойлж ирэв. Америкийн Forbesсэтгүүл ээлжит удаагаа энэ жилийн хамгийн нөлөөтэй эмэгтэй улстөрч гэж нэрлэсэн Ангела Меркель 2005 оноос хойш тасралтгүйгээр Германы Засгийн газрыг толгойлж байгаа юм.
Энэ жилийн долдугаар сард канцлер 60 нас хүрсэн байв. Түүний ойгоор сонин сэтгүүлүүд түүнийг хугацаанаасаа өмнө огцорно гэж шуугиж байсныг Меркель үгүйсгэн ямар ч байсан бүрэн эрхийн хугацаагаа 2017 онд дуустал огцрохгүй гэж мэдэгдсэн юм.
2005 оноос Холбооны Герман Улсын хамгийн анхны эмэгтэй-канцлер, уг албан тушаалд хамгийн залуугаараа томилогдсон зэрэг “Хамгийн” гэх тодотгол гуншин ихтэй Меркелийг төмөр хатагтай Маргарет Тетчертэй жишиж “Тефтоны Маргарет Тетчер” (тефтон-шашны ариун тэмцлийн төлөө хүлэг баатруудад өгдөг төмөр загалмайн одон)-тэй харьцуулдаг ч, улс орондоо айхтар эрс шинэчил хийлгүй бас ч гэж зогсонги байдалд оруулалгүй тогтвортой удирдаж буй сонгодог технократуудын нэг.
1978-1990 он хүртэл буюу хоёр Герман нэгдэх хүртэл физикийн мэргэжилтэй тэрээр Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын шинжлэх ухааны академид мэргэжлээрээ ажиллаж, бүр 1986 онд квантын химийн чиглэлээр докторын зэрэг горилсон ч 90-ээд оноос улс төрт эргэж буцалтгүй орсон юм. Хоёр Германыг зааглаж байсан хана нурж, үүнтэй зэрэгцэж Зүүн Германд олон байгууллагууд татан бууж байсаны дунд түүний алба хааж байсан Шинжлэх Ухааны Академийн Хими физикийн төв хүрээлэн хаалгаа барьсан нь Меркелийг улс төрт нэвтрэх түлхэц өгсөн юм. 1991-1994 онуудад Хельмут Колийн засаглалын үед түүнийг Эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар канцлер өөрөөдэвшүүлэн, улмаар 1994-1998 онуудад Лотаром де Мезьемын засаглалын үед засгийн газрын албан ёсны төлөөлөгчийн орлогчийн үүрэгт албанд томилуулсанд “Колийн охин” гэх нэр зүүлгэсэн юм. 2000 оноос Христийн Ардчилсан Холбоо Намын тэргүүнээр сонгогдож Колийн халааг авч 5 жилийн хугацаанд сөрөг хүчний байр сууринд байхдаа ирээдүйн канцлер болох чадвартайгаа нотлон харуулж чадсан.
Ангела Доротея Каснер багаа насаа Зүүн Германы Темплин хотод өнгөрөөсөн.1954 оны долдугаар сарын 17-ний өдөр христийн лютеран урсгалын пастор Хастор Каснер, англи латин хэлний багш Герлинда Каснер хоёрын гутгаар хүүхэд болж Гамбург хотод төрсөн ч, төд удалгүй тэд Зүүн Германд шилжин суурьшсан юм.Ангела ангидаа бусдаас онцгой гойд ялгардаггүй, тоо болон орос хэлний хичээлд дуртай, багын нийгмийн идэвх зүтгэлтэй хүүхэд байв.
Ангела Каснер уг гаралын хувьд Польш угшилтай ч, тэрнийгээ нэг их нууж хааж сүйд болдоггүй.Түүний өвөг эцэг Людвиг Казмирчек Польшоос Германд дүрвэж ирсэн бөгөөд Казмирчек овгоо герман хэл аялгуунд дөхүүлэн Каснер болгон өөрчилсөн түүхтэй.Зарим садангууд нь одоог хүртэл Польшийн баруун хэсэгт амьдран суусаар байгаа. Хатагтай Меркель болсон нь (анхны нөхрийн овог) түүний улс төрийн карьерт нааштай нөлөө үзүүлсэн байх.
Улмаар Ангела Лейпцигийн Их Сургуулийн физикийн факультетыг дүүргэж, энэ явцдаа чөлөөт герман залуучуудын холбооны үзэл суртал хариуцсан гишүүний хувьд олон арга хэмжээ зохион байгуулж ч оролцож ч явж ирсэн.Мөн тухайн үеийн залуусын ганц зугаа цэнгэл болох диско бүжигт явах дуртай, учир нь тэнд Зүүн Германы хоёр дуу явсаны дараа Барууны нэг дуу явдаг байснаас сонсох дуртай Beatles болон Rolling Stones эгшиглэдэг байсан хэрэг.
1974 онд ЗХУ-ын оюутан залуучуудын солилцооны үдэшлэг дээр анхны нөхөр Ульрих Меркелтэй танилцаж, 1977 онд гэр бүл болж 5 жил хамтдаа амьдарсан ч салалтаар төгссөн юм. Хожим Ангела энэ талаар “…би энэ гэрлэлтэндээ дэндүү хөнгөн хуймгай хандсан.Нас бага залуу ч байж, гэр бүлтэй болох ёстой гэсэн бодолдоо хөтлөгдөөд гэрлэчихсэн юм гэж дурсчээ. Меркель дахин 1998 онд квантын химийн салбарт дэлхийд нэрээ түгээсэн эрдэмтэн Иохим Зауэртай гэрлэж Ульрих Меркельд өөрийгөө хэн болохоо харуулсан гэж ярьдаг.
Ангела электрон шуудангийн аюулгүй байдалд төдийлөн итгэдэггүй учраас туслахуудтайгаа мессежээр харилцахыг илүүд үздэг.Мөн биржийн мэдээлэл, Бундестагийн мэдээллийн албанаас ирүүлэх шинэ мэдээг мессеж хэлбэрээр хүлээн авдаг.Утаснаас гадна харандаа, тэмдэглэлийн дэвтэр, пудр, нүдний шилээ зайлшгүй авч явдаг нэгэн.
Меркелийн ажлын өрөөний ширээн дээр герман гүнж,Оросын хатан хаан II Екатерина хөрөг зураг байдаг.
Тэрээр бөгж ээмэг зүүдэггүй, үнэртэн хэрэглэдэггүй.Вагнерын дуурь, Бах, Бетховены симфони зэрэг сонгодог хөгжим сонсох дуртай.
Мөн хатагтай Меркель хөл бөмбөгийн улаан фен.Магад энэ нь эрэгтэй улс төрчидтэй хэл амаа олоход тус хүргэдэг байж болзошгүй юм.
Меркель маш ховор тохиолдолд л даашинз, банзал өмсөж, ихэнхдээ өмдтэй хослол таашаадаг.Түүний хослолыг бүтээх хүндтэй үүргийг Гамбургийн загвар зохион бүтээгч Беттина Шенбах хүлээдэг. Хувцасныхаа төлбөрийг хатагтай хувиасаа төлдгөөр барахгүй гэрээс нь холгүй орших хүнсний дэлгүүрээс хүнсээ өөрөө цуглуулж, өөрийн гараар хоолоо хийж, цэцэрлэгээ тордож, бялуу хийх дуртай. Төмсний зутан шөл, шницель, загасаар хийсэн хоол нь хамгийн амттай, зочид гийчдийнхээ хэнбугайг ч дайлж цайлж гаргадаг гэдэг.
Ангела Меркель болон Иоахим Зауэр хоёр Берлины төвд амьдардаг ч, хотын амьдралд төдийлөн дуртай биш гэдгээ хэлдэг.Амралтын өдрүүдээр зуслангийн байшиндаа очиж, төрөл бүрийн сортын төмс, гүзээлзгэнэ тариалдаг. Хосууд Берлинд байр хөлсөлж, төрөөс олгосон сууцанд орохоос татгалзсан гэдэг. Холбооны канцлер аяллын зардлаа ч өөрөө төлдөг.Улсаас түүний Австрийн Триполь, Италийн өмнөд хэсэгт очиж амрах онгоцны зардлыг л гаргадаг. Холын зайнд Аirbus А340, дундын зайнд Global 5000 –аар үйлчилдэг гэсэн үг юм.
Төмөр хатагтай тэнгэрт цахилах цахилгаанаас, нохойноос эвгүйцдэг нэгэн.1995 онд хөршийнх нь нохой зууснаас хойш айдас хурсан хэрэг.Тиймээс айлчлалын үеэр нь хамгаалалтын албаныхан канцлерын ойр орчим нохой байлгахгүй байхад ихэд анхаарал тавьдаг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР