Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол гэсэн сэдвээр 3-5 минутын видео бүтээлийн уралдааныг 7 хоногийн хугацаатай зарлахад зургаан студийн уран бүтээлчид бүтээлээ ирүүлжээ. Сонгон шалгаруулалтаар шилдэг бүтээлийн тэргүүн байрыг "Хүрээлэн төслийн" баг хүртэж, таван сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Тэд Тостойн нуруунд уул уурхайн 22 лиценз олгогдсон, нэн ховордсон ирвэс устах дээрээ тулсан гэсэн тулгамдсан сэдвийг хөнджээ. Дэд байрт "Эрхэс" студийн "Улаан ном" бүтээл орж дөрвөн сая төгрөгийн эзэн болсон аж.
Уралдааныг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” зэрэг төслүүд хамтран зарласан юм.
Г.НАРАН