Санаатайгаар буюу өш хонзонгийн сэдэлтээр бусдын биед халдаж, хөдөлмөрийн чадварыг түр алдагдуулж, биед нь гэмтэл учруулсан хэмээн буруутгагдаж буй жүжигчин Ц.Алдармаа хоёр хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 10-нд Цагдан хорих ангиас батлан даалтад гарчээ.
Түүнийг өмгөөлөгч болон ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрүүл мэндийн шалтгааны улмаас ийнхүү батлан даалтад гаргах шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Жүжигчин Ц.Алдармаа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг" гэж бичсэн байна.
Энэ хэргийн хохирогч, жүжигчин Д.Оюунтуул гоо сайхны мэс засалд орж, эмчлүүлэхээр БНСУ-ыг зориод байгаа аж. Д.Оюунтуулын эмчилгээний бүх зардлыг Ц.Алдармаа гаргасан болохыг Ц.Алдармаагийн өмгөөлөгч Б.Дашдорж мэдэгдэж байсан билээ.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс Ц.Алдармаад долоон жил арав хоногийн хорих ял оноосон бол давж заалдах шатны шүүхээс ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхэд хянуулахаар буцаагаад байгаа.
Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа юм.
Д.ЖАРГАЛ