“Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит, хурал өчигдөр эхэлсэн билээ. Өчигдрийн хурлаар “УБТЗ”-ын өнгөрсөн жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцжээ.
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нь өнгөрсөн жил 49 тэрбумын алдагдалтай ажилласан байна. Мөн 120 тэрбум төгрөгийн өртэй гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
“УБТЗ”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээрГ.Сэрээнэндорж хоёр жил ажилласан бол түүний өмнө Д.Жигжиднямаа үүрэг гүйцэтгэгчээр нэг жил ажилласан юм. Харин хамгийн сүүлд “УБТЗ”-ын даргаар В.Отгондэмбэрэл гурван жил ажилласан бөгөөд энэ удаад орос дарга тавигдах бололтой. Учир нь хувь нийлүүлэгчид гурав, гурван жилээр замын даргаа ээлжилж томилдог. Тиймээс энэ удаад орос дарга “УБТЗ”-ыг удирдах ээлж таарч байгааг зарим эх сурвалж онцолж байна.
Эх сурвалжийн хэлснээр “УБТЗ”-ын Ерөнхий хорооны өчигдрийн хурал нэлээд халуухан болжээ. “УБТЗ"-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж болон зөвлөх Р.Раш нарын зүгээс Л.Халтарыг замын даргад зүтгүүлж байгаа гэнэ. Харин "УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н. Морозовын хувьд Л.Халтарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх мэдээлэл байна.
“УБТЗ” өмнө нь Зам тээврийн яаманд харьяалагддаг байсан бол өнгөрсөн намраас Төрийн өмчийн хороонд харъяалагдах болжээ. Гэтэл Шинэ сайд Н.Төмөрхүү ажлаа авсан даруйдаа “УБТЗ”-ыг яамандаа авна гэж зүтгэсэн сураг байна.
Ийнхүү “УБТЗ” шинэ даргатай болох уу эсвэл дахин үүрэг гүйцэтгэгчийг сонгох уу гэдгийг энэхүү Ерөнхий хорооны хурлаар шийдвэрлэх бололтой.
“УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны одоогийн бүрэлдэхүүн:
ОХУ-ын талаас:
- В.Н. Морозов. “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч
- А.С. Цыденов. ОХУ-ын тээврийн орлогч сайд
- В.В. Морозов. “Оросын төмөр замууд” НХН-ийн Монгол улс дахь ерөнхий төлөөлөгч
Монголын талаас:
- Ё.Манлайбаяр. “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орогч дарга, Зам тээврийн яамны төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- Д.Болдбаатар. Эдийн засгийн хөгжлийн яамны эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл тусламжийн бодлогын газрын дарга
- Г.Вандандагва. Монголын Төмөр замчдын холбооны ерөнхийлөгч нар ажилладаг.
Б.ХОНГОР