Асашёорюү өнөөдөр эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Асашёорюү өнөөдөр эх орондоо ирнэ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Асашёорюү Д.Дагвадорж маргааш эх орондоо ирэх билээ. Зодог тайлснаа албан ёсоор мэдэгдсэнээс хойш эх нутгийнхаа шороон дээр хөл тавиагүй байгаа домогт их аварга өнөөдөр 11:55 цагт Бээжин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор газардана.
Их аварга нутагтаа ирсэн өдрөө Сүхбаатарын талбайд ард түмэнтэйгээ мэндчлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах, Чингисийн хөшөөнд цэцэг өргөх, Төрийн өндөрлөгүүдэд бараалхаж, “Ачтан элит” эмнэлэгт төрсөн эхчүүдэд бэлэг гардуулна хэмээн төлөвлөсөн байсан ч энэ хөтөлбөрт бага зэргийн өөрчлөлт орлоо. Тодруулбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд буусныхаа дараа Төрийн ордныг зорьж, төрийн гурван өндөрлөгтэй уулзах ажээ. Үүний дараа тэрбээр хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзаж, “Баянгол” зочид буудалд болох хэвлэлийн бага хуралд оролцох юм. Хэвлэлийн бага хурлын дараа их аварга “Ачтан Элит“  эмнэлгийг зорьж, энэ өдөр төрсөн эхчүүд болон нярай нарт гарын бэлэг гардуулахаар төлөвлөжээ.
Харин ирэх баасан гаригт буюу маргааш Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж, өөрийнх нь амжилт, ялалтыг хуваалцаж, дэмжиж ирсэн ард түмэнтэйгээ уулзан, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.
Мэргэжлийн сумо бөхийн ертөнцийн энэ цаг үеийн хамгийн агуу аварга Асашёорюү Д.Дагвадорждоо хүндэтгэл илэрхийлж, түүнийг угтан авахыг хүссэн монголчууд та бүхэн ирэх баасан гаригт Сүхбаатарын талбайд их аваргыгаа угтана гэдэгт найдаж байна.
Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж