хохирогч Эрвайна Сулистянингсих
Гэрийн үйлчлэгчээ тарчлаасан эзэгтэйн хэрэг Индонези, Хонгконгийн дипломат харилцаанд асуудал үүсгэж, олон улсын анхааралд өртөөд байна. 23 настай Эрвайна Сулистянингсих гэх индонези бүсгүй Хонгконгод айлд гэрийн үйлчлэгчээр ажилд орсон боловч танхай, балмад эзэгтэйн “гарын шүүс” болж үхэхээс наагуур зовлон амсчээ. Гэрийн эзэгтэй 44 настай Ло Ван-тунг нь хөөрхий бүсгүйг зодож, цохихын бүхий л хэлбэрээр ухаангүй болтол нь гөвшдөг байсан аж. Харгис, ааштай гэрийн эзэгтэй үйлчлэгчээ хоногийн 21 цаг ажилуулдаг хэрнээ өл залгах хэмжээний хоол хялайлгадаг байжээ. Өлсөж туйлдсан бүсгүйн шарханд халдвар орж идээлснээс алхаж ч чадахгүй болсны дараа л гэрийн эзэгтэй түүнийг гэр рүү нь буцаахаар онгоцны буудал дээр орхижээ. Азаар түүнийг нутаг нэгтэн нь аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Ингээд аймшигтай тамлал амссан бүсгүй харгис эзэгтэйн эсрэг гомдол гаргаж, шүүхэд ханджээ.
Хонгконгийн цагдаа нар Ло Ван-тунгийг Тайланд руу нисэх гэж байхад нь онгоцны буудал дээрээс баривчилсан байна. Гэвч Хонгконгийн шүүх Ло Ван-тунгийг буруутгасан 21 төрлийн хэргийн нэгээс бусдыг хэрэгсэхгүй болгож, нэг сая хонгконг долларын торгууль ноогдуулжээ. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Хонгконг дахь цагаач иргэд шударга ёсыг шаардан жагссан байна. Хонгконгод 320 мянга орчим гадаадын иргэн гэрийн үйлчлэгчээр ажилдаг байна. Тэд голдуу Индонез, Филиппин болон Азийн бусад орноос ирсэн байдаг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: CNN