УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа.
-Дэд сайдуудын нэрс тодорч эхэлсэн үү?
-Зөвшилцлийн ажлын хэсэг МАН-аас долоон дэд сайдтай байхаар тогтсон. Гэхдээ одоо дэд сайд хэн байх вэ гэдгийг ярих болоогүй байна. Яагаад гэхээр МАН-д аль яам оногдох нь тодорхойгүй байна. Бидний зүгээс мэргэжлийн байх зарчмыг баримтална.
-Таныг бүлгийн дэд даргын ажлаа өгнө гэсэн мэдээлэл байна?
-Бүлгийн дэд даргын асуудал яригдах болоогүй. Би өөрөө санаа зовоогүй байхад та нар санаа зовоод байх юм.
-Дэд сайдуудыг сөөлжүүлж томилох асуудлаар зөвшилцсөн юм уу?
-Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн дэд сайдуудаа намууд сөөлжүүлж томилно гэж тохирсон. Үндсэн чиг үүргийн дөрвөн яаман дээр сөөлжүүлж томилох юм. Тэгэхээр Хууль зүй, Гадаад харилцааны яаманд дэд сайдаа томилох байх.
-Даваа гаригаас хойш Засгийн газарт хамтарч байгаа намууд гэрээнд гарын үсэг зурна гэсэн ч хойшилсоор байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Тэр бол зөвхөн мэдэгдлийн түвшинд байгаа. Дөрвөн намын дарга удирдлагууд мэдэгдэл гаргах л асуудал. Шийдлийн Засгийн газарт хамтран ажиллахаар болсон тухай намууд тайлбараа хийх юм.
-Орон нутгийн сонгуулийн хүрээнд ойлголцохгүй байсан асуудал юу болсон бэ?
-Орон нутгийн иргэдийн хурлаас гаргасан хууль ёсны шийдвэрийг хуулийн дагуу энд нь хэрэгжүүлэх асуудал байгаа. Нийслэлийн хоёр дүүрэг, орон нутгаас Дорнод, Говьсүмбэр, Дундговь аймаг байгаа. Дорнод аймагт МАН ялсан. Харамсалтай нь, ард иргэдийн сонголтоор олгогдсон тэр эрхийг олж авч чадалгүй өнөөдрийг хүрлээ.
С.ОТГОН