2014 оны төсвийн тодотголд гишүүд юу хэлэв?

Хуучирсан мэдээ: 2014.12.12-нд нийтлэгдсэн

2014 оны төсвийн тодотголд гишүүд юу хэлэв?

Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслүүдийг Сангийн сайд өчигдөр УИХ-д өргөн мэдүүлснийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.


Татварын орлого төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүйгээс энэ оны төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарсан байна. Мөн 2015 оны төсвийг 1 их наяд төгрөгөөр бууруулах зүй ёсны шаардлага үүсчээ. Гэтэл энэ оны төсвийн тодотголд бонд нэмж гаргахаар төлөвлөсөн нь орлого, зарлагыг бодитой төсөөлж чадсангүй гэх шүүмжлэл сонсоход хүргэж, Засгийн газар төсвийг татаж авах шаардлагатай тухай хөндөж байлаа. Энэ оны төсвийн тодотголд гишүүд ямар байр суурьтай байгааг онцолъё.

 

“Нэг их наяд төгрөгийн алдагдал улам ихсэнэ”

-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:-Байхгүй мөнгийг төлөвлөөд, дахиад байхгүй мөнгийг бий болгох тухай яриад байна. Төсөв бодитой орж ирээгүй нөхцөлд 2015 оны төсөвт ачаалал үүсгэнэ. Худлаа тоо хэлээд байвал 1 их наяд төгрөгийн алдагдал улам ихсэнэ.

 

 


“Оюутолгойгоос авах ёстой татвараа ав”

-УИХ-ын гишүүн Г.Уянга: -Цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт суулгах ёстой. Энэ хөрөнгийг суулгах боломжгүй байгаа бол яамдынхаа тоог цөөл. Оюутолгойгоос авах ёстой орлогоо авч чаддаггүй тухай сая Сангийн яамныхан хэллээ. Хэрвээ бид Оюутолгойн 700 мянган тонн зэсийн 34 хувийг өөрсдөө борлуулбал 3 их наяд төгрөг болно. УИХ ийм асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Ирэх онд том аж ахуйн нэгжүүдээ хувьчлах юм байна. Төрийн компаниудад хамгийн муу менежер тавьчихаад “Төр муу менежер” гэдэг үгээр түрий барьж бүхнийг хувьчлах тухай ярьж таарахгүй. Оюутолгойгоос авах ёстой татвараа ав, гэрээгээ сайжруул, ингэхгүй бол энэ улс орон өрөнд баригдаж, өтөнд идэгдэж дуусах нь.


“2014 оны төсвийг татаж ав”

-УИХ-ын гишүүн Д.Батцогт:-Засгийн газар бодитой төсөв УИХ-д оруулж ирье. Өөрснийгөө хуурсан төсөв батлаад нүдэн балай, чихэн дүлий сууж таарахгүй. Төсвөө татаж ав, бодитойгоор харж хөрсөн дээр бууя. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе гэж байгаа бол. Аймаг, аймгаар нь шүүж төсвийн гүйцэтгэл нь хэдэн хувьтай байгааг бодитой гаргаж ирээд дараа нь төсвөө яръя.

 


“Алдагдлыг гурван хувь болгоё”

-УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:-Монгол түүхий эдийн экспортын орлогод суурилсан эдийн засагтай орон. Дэлхийн зах зээлд түүхий эдийн уна унахаар ийм байдалд орсон. Манайх шиг хэврэг эдийн засагтай оронд хуримтлалыг бий болгох хэрэгтэй байна. Сүүлийн хоёр жилд төсвийн алдагдлыг 2 хувиар тооцсон. Гурван хувь болгоход эдийн засгийн үнэлгээнд ямар өөрчлөлт орох юм, энийг Сангийн яам тооцох ёстой.

Цомхотгол хийх тухай ярьж байгаа, судалгаанд үндэслэх ёстой. Төрийн үйлчилгээний салбараас хэд нь цомхотгогдох юм. Дээр нь сургууль барих шаардлагатай байдаг. Сургууль, цэцэрлэг барихаар төрийн үйлчилгээний ажилчдын тоо нэмэгддэг. Үүнийг нь төр данхайлаа гэдэг,  ялгаж салгаж яримаар байна.


“Төлбөрийн чадваргүй болох заналхийлэл нүүрлэлээ”

-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Хөнжлийнхээ хэрээр хөлөө жий гэж байна. Хөнжил байгаа юм уу. Улс төлбөрийн чадваргүй болох заналхийлэл нүүрлэлээ. Оруулж ирж байгаа тоонуудыг харахад ойрын өдрүүдэд санхүүгийн тогвтортой байдлыг бий болгоход анхаарахгүй бол их хэцүү болж байна. Дээр нь нүцгэн үнэнийг хэлээд 2015 оны төсвөө танах ёстой. Оюутолгойн татварыг яагаад оруулж ирэхгүй байна гэх, бүтээх ямар оролдлого хийсэн юм. Эдийн засгийн романтик сэтгэлгээн дээр суурилсан популизм л хүчтэй явсан биз дээ. Яг одоо Засгийн газар Олон улсын валютын сангийн өмнө нүглээ наманчлан “Стэнд бай” хөтөлбөрийг авах талаар ярилцаж байна. Хүндрэлтэй асуудлуудаа ойрын хугацаанд ярьж, дүгнэн цаашаа явах цаг болж…

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж