Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд, Элчин сайд нар Монгол Улс, ОХУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны цаашдын зорилт, 2015 онд хоёр талын хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Монгол Улс, Оросын Холбооны Улсын түүхэн уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа онцгой байр эзэлдгийг тэмдэглээд, 1941-1945 оны дайнд байгуулсан ялалтын 70 жилийн ойг ирэх онд хамтран тэмдэглэхээр бэлтгэж буй талаар мэдээлсэн юм.
Б.ХАНД