Чуулганы хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хуралдаан өнөөдрийн хуралдаан завсарлав.
Гишүүн О.Баасанхүү уг төслийг өргөн мэдүүлсэн тул гишүүд төслийнх нь талаарх асуулт тавьж байлаа. Төсөлд улсын томхоохон эмнэлэг нь гаднаас эм худалдан авахгүй байх тухай агуулга бүхий заалт орсныг зарим гишүүд тодруулахыг хүсч “ингэж зааснаар гаднаас ямар ч эм авч болохгүй байх нөхцөл бүрдэнэ шүү дээ” гэсэн юм.
Яг төсөлдөө “Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв зэрэг бүс нутгийн хүн амд болон улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллага дэргэдээ эмийн сантай байж өвчтөний онцлог байдалд нийцүүлэн холбогдох эмийг тухайн эмнэлгийн эмчийн бичсэн жороор олгож байх нь зүйтэй” гэж буй бөгөөд хууль энэ хэвээр батлагдвал эмнэлгүүдийн байранд буй гадны эмийн сангууд гарах шаардлагатай болж буй аж.
Гишүүд төсөлтэй холбоотойгоор эмийн худалдаа, чанарын асуудал хөндөцгөөсөн бөгөөд уг төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад ирц хангалтгүй хэмжээнд хүрсэн тул хойшлуулахаар боллоо.
Маргааш чуулганы хуралдаан дээрх төслийн санал хураалтаар эхлэх бөгөөд мөн Төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийх юм.
Б.ЭНХ