Х.Энхдэлгэрийг бүх насаар нь бокс тоглох эрхийг нь хаслаа

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Х.Энхдэлгэрийг бүх насаар нь бокс тоглох эрхийг нь хаслаа

МБХ-ны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт (XII.02)-нд болж, хэд хэдэн ноцтой шийдвэр гаргажээ.

Хурлын шийдвэрээр эмэгтэйчүүдийн шигшээ багаас ОУХМ М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ (Эмэгтэйчүүдийн шигшээ багт энэ гурав л харьяалагддаг) нарыг чөлөөлж, эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Х.Энх-Амарын сонирхогчдын бокст тулалдах эрхийг бүх насаар нь, түүний багш болох “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулгын МБХ-ны тэмцээн уралдаанд оролцох эрхийг хоёр жилээр хассан байна.

Хурлын үеэр ямар асуудал яригдаж, хэрхэн шийдвэрлэсэн тухай олж дуулснаа хүргэе.

Хуралд МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, Удирдах зөвлөл, Мэргэжлийн зөвлөлийн гишүүд, шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч, ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, “Ширэн бээлий” клүбийн дасгалжуулагч Л.Энхбаатар, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга нар оролцжээ.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ нарыг яагаад хөөх болов. Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ өнгөрсөн сарын 16-24-нд БНСУ-ын Чэжү аралд болж, манайхан амжилт муутай оролцсон.

Манай боксчин охид энэ үеэр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайваны хэлсэн ярьсан, зааж зөвлөснийг үл хүндэтгэж, түүний ур чадварыг голж, хэл ам багагүй татлахад дээрх гурван бүсгүй гол дүрд тоглосон байна.

Тэд Б.Энхтайваны удирдлага дор бэлтгэл хийх, тэмцээнд оролцох сонирхолгүй болсноо олны өмнө хэлснийг эх сурвалж өгүүлсэн. Тэд дасгалжуулагч Л.Энхбаатарын удирдлага дор тоглох хүсэлтэй байсан бололтой.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан Л.Энхбаатар өдгөө "Ширэн бээлий" клубтээ ажиллаж байгаа. Түүний ДАШТ-д хувийн зардлаараа явж оролцсоны гол зорилго нь энэ байсан болж таарав.

МБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд өөрсдийн ахлахаар томилсон дасгалжуулагчаа өмөөрч, “том толгой” гаргасан гурван боксчинг шигшээ багаас хөөв. М.Нандинцэцэг, Э.Уянга, О.Сувд-Эрдэнэ гурав шигшээ багийн тамирчны хувиар цалин урамшуулал хүртэх эрхгүй болж, олон улсын тэмцээнд оролцохдоо өөрсдөө зардлаа даах болж байна.

Уг нь тэд олимп, ДАШТ-д өндөр амжилт үзүүлэх боломжтой. Харин энэхүү шийдвэр тэдний тамирчны замналд нөлөөлөх нь тодорхой. Э.Уянга 2012 оны хавар Улаанбаатарт болсон ААШТ-ий 64 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монголоос төрсөн тивийн аварга болсон эмэгтэй боксчны нэг.

М.Нандинцэцэг БНСУ-ын Инчён хотод болсон Азийн наадамд 51 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, анхны гэх тодотголтой амжилтын эзэн болсон. Эх сурвалжийн хэлж буйгаар дасгалжуулагч Б.Энхтайван нь тамирчидтайгаа бүдүүлэг харилцдаг, зан харилцааны тал дээр асуудалтай нэгэн аж.

Шигшээ багаас хөөгдсөн гурван бүсгүйн хоёр нь болох О.Сувд-Эрдэнэ, М.Нандинцэцэг нар өчигдөр Орхон аймгийг зорьж, “Хангарьд” клүбийн удирдлагатай уулзсан. Тэд анхны багш С.Баттулгынхаа удирдлага дор, “Хангарьд”-ын нэрийн өмнөөс тоглох “виз” хүсэх гэж очсон нь тодорхой.

Өдгөө 22 настай ОУХМ Х.Энхдэлгэр сонирхогчдын боксын рингэнд дахин тулалдахгүй нь. Тэрбээр өнгөрсөн жил ОХУ-ын Казань хотод болсон дэлхийн оюутны “Универсиад” их наадамд аваргалж, монголчуудын танил болж байсан. Гэвч дотоод, гадаадын өсвөр үе, залуучуудын олон тэмцээнд гурван нас дарж тулалдсан нь олонд ил болсноор ийнхүү “хар тамга” даруулчихлаа.

Тэрбээр Хархүүгийн Энх-Амар юм билээ. Гэвч олон жилийн өмнөөс төрсөн дүү Х.Энхдэлгэрийнхээ нэрээр тоглож, олон ч амжилтад хүрсэн. Харин Инчёны Азийн наадамд явах гэж байгаад хил гаалийнханд баригдсанаар бүх зүйл төгссөн юм. МБХ-ны удирдлагууд хурлын төгсгөлд ОУХМ Х.Энхдэлгэрт мэргэжлийн бокст хүч үзэх санал тавьсан аж. Тэрбээр энэ саналыг хүлээн зөвшөөрвөл МБХ-ны Удирдах зөвлөлийн хэдэн гишүүн түүнийг мэргэжлийн бокст зуучилж, бүх талаар туслах гэнэ.

Х.Энхдэлгэрийн нас дарж олон тэмцээнд оролцсоныг зөвтгөх гэсэнгүй. Харин түүнийг сонирхогчдын бокст тоглох эрхийг нь бүх насаар нь хассан нь арай хатуу шийдвэр болчихов уу даа.

Зуны олимпийн наадам хоёр жил хүрэхгүй хугацааны дараа болох энэ хариуцлагатай үед шигшээ багийн тамирчдаа цөөлсөн нь харамсалтай. Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ руу яваад сураг тасарсан. Одоо Х.Энхдэлгэр яваад өгвөл Монголын боксын хөнгөн жинд тэдний орон зайг хэн нөхөж тулалдах вэ. Алдаа гаргасан хүнд хариуцлага тооцох нь зөв ч дахин нэг боломж олгох хэрэгтэй болов уу. МБХ энэхүү шийдвэрээ дахин нэг харах болов уу гэж найдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж