IRIM судалгааны хүрээлэнгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мойлтмаатай ярилцлаа.
–"Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал" сэдвээр мониторинг хийжээ. Энэ судалгааны үр дүнг танилцуулаач?
-Манай байгууллага анх 2010 оноос эхэлж АТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар энэхүү судалгааг хийж эхэлсэн. Одоо энэ жил 3 дахь удаагийн мониторингийг хийж 3 жилийн харьцуулсан үр дүнг гаргаад байна. Анх НҮБ-аас улс орны цахим засаглалыг хэмждэг арга зүйд үндэслэн манай байгууллага анх удаа төрийн байгууллагуудын вэбсайтад мониторинг хийх арга зүйг боловсруулж жил бүр сайжруулсаар байна. Мониторинг нь мэдээллийн ач холбогдолтой байдал, цаг үеийн, найдвартай, хүртээмжтэй байдал, хэрэглэхэд хялбар байдлуудаар шалгуур үзүүлэлт болгож хийгдсэн. .Бусад судалгааны үр дүнгүүдээс харахад иргэд төрийн байгууллагуудын үзүүлж буй үйлчилгээг чирэгдэлтэй, хүнд сурталтай гэж үнэлсэн байдаг. Мөн энэхүү хүндрэл, чирэгдэлтэй үйлчилгээ авахаас зайлсхийх нь төрийн байгууллагын албан хаагчдад авилга өгөх нэг том шалтгаан болдог нь харагдсан. Ийнхүү төрийн үйлчилгээ ойлгомжгүй байгаа нь иргэдэд мэдээлэл хомс өгч байгаагаас шалтгаалж байна. Тиймээс манай байгууллага төрийн байгууллагуудыг иргэдэд бүх мэдээллээ орчин үеийн хамгийн боломжит эх сурвалж болох цахим хуудсаараа дамжуулан түргэн, шуурхай хүргэж байгаасай хэмээн жил бүр хэмжиж, мониторинг хийж байна.
-Ямар ямар байгууллагын цахим хуудсанд хийв?
-Жил бүр хамрагдаж буй төрийн байгууллагуудын тоо харилцан адилгүй байна. Нийтдээ 70- 100 байгууллагад хийгдэж байна. Энэ тоо хэлбэлзэх шалтгаан нь тухайн жилд ажиллаж буй Засгийн газрын бүтэц, төрийн байгууллагуудын тооноос шалтгаалж байдаг. Үндсэндээ яамд агентлагууд, нийслэл дүүргүүд, парламентийн харъяа байгууллагууд, аймгуудыг бүгдийг нь хамруулж мониторинг хийж байгаа. Мөн эдгээр бүх байгууллагуудаа нийт авсан оноогоор нь жагсааж, байр эзлүүлдэг байгаа.
–Судалгааны санхүүжилтийг хаанаас гаргадаг юм бэ?
Анх энэхүү мониторингийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлж байсан бол энэ жилээс манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд өөрчдөө санхүүжүүлэн хийж байна. Мөн цаашид ч жил бүр тогтмол хийхээр төлөвлөж байна.
–Байгууллагынхаа үйл ажиллагааг товчхон танилцуулаач
-Манай байгууллага “Хараат Бус Судалгааны Хүрээлэн” анх 2008 онд судалгаа, хяналт, үнэлгээний үйлчилгээг хараат бусаар, мэргэжлийн түвшинд үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш засаглалын ил тод, нээлттэй байдлын талаар судалгаа, мониторингийн ажил хийж байна.
–Өмнөх жилүүдэд ч мөн хийж байсан юм байна. Өмнөх жилүүдтэй харьцуулвал ямар эерэг, сөрөг үр дүн гарч байна?
-Өмнөх жилүүдийн үр дүнтэй харьцуулахад өссөн, буурсан аль аль үзүүлэлт байна. Өссөн үзүүлэлтүүдийн хувьд аймгуудын цахим хуудасны ил тод байдал дор хаяж 2-3 дахин өссөн үзүүлэлттэй байна. 2011 оны байдлаас хамгийн хаалттай цахим хуудсуудаар аймгууд тодорч байсан бол энэ удаагийн мониторингоор ихэнх нь зарим талаар ил тод, ил тод гэсэн ангилалд орсон байна. Харин яамдын цахим хуудсууд өмнөх мониторингийн үр дүнгээс төдийлэн дээшлээгүй ба зарим талаараа буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь магадгүй яамдын бүтэц, зохион байгуулалт тогтворгүй ойр ойрхон солигдож байгаатай холбоотой байх гэж манай судлаачид таамаглаж байна. Төрийн байгууллагууд нийт цахим хуудастаа байршуулах ёстой мэдээллүүдийг 100 хувь гэж үзвэл одоогоор 40 гаруй хувийг нь ил тод байршуулж байна. Мөн эдгээр мэдээллүүдийн цаг үеийн байдалд анхаарал хандуулах байдал нь дээшилсэн үр дүн гарчээ.
–Судалгааны, дүгнэлттэй холбоотойгоор тухайн төрийн байгууллагад нөлөөлөл хийх үү, үр дүнгээ хааш нь явуулдаг вэ?
-Мониторинг хийснийхээ дараа тухайн байгууллагуудад үр дүнг нь танилцуулах үйл ажиллагаа АТГ-тай хамтарч явуулсан туршлага бий. Уг нөлөөллийн ажлын амжилт цахим хуудсуудын ил тод байдал нэмэгдэхэд бага ч болов нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь байгууллагуудад үр дүнг нь танилцуулахад ихэвчлэн маш эерэгээр хүлээн авч, цаашид яаж хэрхэн сайжруулах, юунд анхаарах ёстой вэ гэх зэргээр бидэнтэй их зөвлөлддөг. Мөн нөгөө талаар ийнхүү цахим хуудсанд мэдээлэл ил тод биш байгаа нь нөгөө л төсөв санхүү, хүний нөөц, техник хангамжтай шууд холбогддог. Ихэнх төрийн байгууллагуудад мэдээлэл, хангамж хариуцсан мэргэжилтэн байхгүй, тусгайлан зориулагдсан төсөв байдаггүй учраас өдөр бүр мэдээ бэлтгэн цахим хуудастаа нийтлэхэд хүндрэлтэй байдаг нь нөлөөллийн ажлын явцад ажиглагдсан.
-УИХ-аас баталсан Шилэн дансны хуулийг 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд юуг анхаарах шаардлагатай вэ?
-Энэхүү хууль батлагдсанд манай байгууллага маш сэтгэл хангалуун байгаа. Учир нь манай байгууллага 2008 онд Нээлттэй нийгэм форумтай хамтарч “Шилэн түрийвч” нэртэй хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан.
Манай мониторингийн үр дүнгээс харахад Шилэн дансны хууль хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь нийт тавьж буй мэдээллүүдийн өсөлтийг харахад төсөв, санхүүгийн мэдээллийн ил тод байдал өмнөх үр дүнгүүдээс өссөн үзүүлэлттэй байгаа. Тиймээс байгууллагууд маань энэ төрлийн мэдээллээ ил тод болгоход анхаарч байна гэж дүгнэж байна. Харин хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд техник, технологи, мэдээлллийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Одоогоор манай ихэнх төрийн байгууллагуудын цахим хуудас бараг сонирхогчийн түвшинд ашигладаг платформ дээр суурилсан байдаг ба мэдээллийн багтаамж, аюулгүй байдал дээр маш асуудалтай байдаг шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Б.МАНД