Чуулганы хуралдаанаар Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэж байна. Уг конвенцийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Энэ асуудалд их ач холбогдол өгч байгаа. Дэлхийн 90 гаруй орон нэгдээд орчихсон байгаа” гэдгийг онцолж байв.
Гишүүдийн зүгээс гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг удаан хугацаанд барьж хорьж буй талаар шүүмжлэлтэй байгаагаа хэлж байсан бөгөөд Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Олон оролцогчтой хэргийн хувьд ийм асуудал бий. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинжээч дүгнэлт гаргана гэж байдаг. Гэтэл шинжээч олдож өгдөггүй. Арай гэж шинжээч томилоход бүрэлдэхүүн хэрэг болдог, мөнгө нь хүрдэггүй. Гэхдээ хуулийн хугацаандаа л багтаадаг. Удаан хугацаанд барьж хорьж байна гэж шүүмжилж байгаа бол хуулийн л асуудал” гэсэн юм.
Харин Хүний эрхийн комиссын дарга энэ асуудлаар “Хуулийн хугацааг хэтрүүлж байгаа. Хугацаа нь дуусангуут шинэ хэрэг илэрсэн гээд л хоёр гурван жил дамнуулан хорьж байна” гэсэн юм. Мөн асуудлаар гишүүн Х.Тэмүүжин “Хуульд хэрэг бүртгэх мөрдөн байцаах хугацааг заасан байдаг. Харин шүүх шатанд ийм хугацаа байдаггүй гээд хугацаагүйгээр цагдан хорьж, хуулийн ийн тайлбарлаж байна” хэмээн тайлбар өгсөн байна.
Б.ЭНХ