Сэлэнгээ гишүүнд өгөх нөхөрсөг зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Сэлэнгээ гишүүнд өгөх нөхөрсөг зөвлөгөө

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өчигдөр өөрийн твиттер хуудсандаа “З.Баянсэлэнгийгээ академич болгочихмоор юм даа. Мэдэхгүй салбар, ярихгүй асуудал гэж алга” хэмээн хошигножээ. Гэвч энэ хошигнол гашуун боловч үнэн болчихоод байгаа юм. Сүүлийн үед манай эмэгтэй гишүүд тэр дундаа З.Баянсэлэнгэ хатагтайн ярих нь ихэсч хийх нь багасчихаад байна. Ард түмний төлөөлөл болсон эрхэм гишүүний хийх хэлэх, ярихыг хясах гэсэн хэрэг биш.

Гэхдээ мэддэггүй асуудлаараа хүртэл мэддэг юм шиг болж ярих гэж өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулаад байгаад нь сэтгэл эмзэглэх юм. Их ярилаа гээд их зүйл мэддэг гэсэн үг биш учраас эрхэм гишүүн минь заримдаа жаахан амаа хазаарлая. Асуудлаа ойлгохгүй, тэс хөндлөн юм ярьж УИХ-ын даргад удаа дараа загнуулж байсан. Үүнийхээ дараахан гэмээ цайруулах гэсэн үү яасан З.Баянсэлэнгэд баярлалаа гэх утга бүхий шар мэдээгээр бялууртлаа магтуулж, төд удалгүй танхимын хамгийн идэвхтэй нь болчихсон юм.

Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаан дээр худал хэлсэн хүнд З.Баянсэлэнгэ гишүүн асуулт асуусан, санал хэлсэн, нэмэлт цагаа ашигласнаараа рекорд тогтоов. Эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудал зэргээр шавайгаа ханатал асууж шалгааж болох ч одоогоор арай л гүнзгий мэдэх болоогүй Оюутолгой, Тавантолгой ярьж онигоонд орох хэрэг байна уу, гишүүн ээ. Энэ бол нөхөрсөг л зөвлөгөө. Хэн их ярьсан нь биш хэн их хийсэн нь үнэлэгддэг гэдгийг мэдмээрсэн. Зурагтаар хамгийн их гардаг, ярьдаг нь сонгогддог, ард түмэнд таалагддаг цаг өнгөрсөн шүү дээ.

Б.Балжир

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж