Тамхины хуулийн назгайрал

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Тамхины хуулийн назгайрал

Хотын төвийн гудамжаар “Тамхи байвал зарчих тэхүү” гэж гуйгчид цөөнгүй болоод нэг жил есөн сарын хугацаа өнгөрч байна. Угтаа тамхигүй орчинг бүрдүүлж, иргэдийг тамхины хорт зуршлаас гаргах зорилготойгоор батлагдсан энэ хууль харин тамхичдын ихэнхийг  тамхи хайгч, ширхэг тамхины гуйлга гуйгч болгон хувиргасан бололтой. Учир нь хүмүүс гудамжинд чихэр, бохь зарж, утас ажиллуулж суугаа хүмүүсийн хайрцагнаас дэлгүүрийн лангууны араас тамхи худалдан авч байгаа нь нууц биш асуудал болсон.

Сүхбаатар дүүрэг орчимд тамхи нууцаар худалдаалж буй эмээ “Энэ хавиар тамхи нууцаар зарж байгаа хувь хүмүүс цөөнгүй байгаа. ТҮЦ, мухлаг төдийгүй томоохон дэлгүүрүүд ч ялгаагүй ээ. Хөөрхий залуус “эгчээ тамхи зарчих” гэхээр үгүй гэж чадахгүй юм. Амьдралд маань ч нэмэртэй. Хааяа хааяа торгуулдаг нь хэцүүхэн байна” гэж ярьсан юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч Н.Одончимэг “Хотын төвөөр тамхины хууль бус худалдаа далд хэлбэрт шилжиж, цэцэглэж байгаа нь үнэн. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, арга хэмжээ авах эрх цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад хоёуланд нь байгаа. Хамгийн гол нь бид нарыг очихоор тамхиа нуучихдаг байхгүй юу. Зөрчлийг илрүүлээд тамхийг хураагаад хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгохоор маргааш нь дахиад л зараад байгаа юм” гэх мэдээллийг өгч байсан. Албаныхны өгч буй мэдээллээр хууль зөрчиж байгаа иргэдийг хэдэн удаа ч болов 50 мянган төгрөгөөр торгоод энэ зөрчлийг арилгаж хүчрэхгүй тул цаашид торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх саналтай байгаа гэх.

Тамхи татах цэг байхгүй, хаанаас тамхи худалдан авах нь ч мэдэгдэхгүй өөрөөр хэлбэл тамхи татдаг хүмүүсийн эрхэнд бүдүүлгээр халдсан гэх хуулинд өөрчлөлт оруулж тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын хуралдаанаар хэлэлцэх юм. Ядахнаа тамхи татах зөвшөөрсөн цэг байгуулж өгвөл яамай даа гэж бодох хүмүүс цөөнгүй байх нь дамжиггүй юм.

Д.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж