Хүүхдүүдийн зохион бүтээх урам зориг, хүсэл эрмэлзлийг дэмжих зорилгоор Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ойг тохиолдуулан “Чингис хааныг хэн сайн урлах вэ” сэдвийн дор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өрсөлдсөн юм. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс сонирхвол Чингис хааныг хөргийг олон янзаар сийлж, бүтээсэн харагдав. Тэрхүү бүтээлүүдээс нийслэлийн 71 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Б.Билгүүний сийлбэр хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байлаа. Түүний бүтээл бусдаасаа хэмжээгээрээ том бөгөөд Чингис хааны хөргийг товойлгон гаргаж ирснээрээ шинэлэг байв. Ийн ирээдүйн зохион бүтээгч хүүхдүүдийн дунд зарласан “Чингис хаан” уралдааны шагнал гардуулах ёслол Корперэйт-3 зочид буудлын Чэйрмэн ресторанд боллоо. Уралдаанд “Юнимат” бүтээлч сэтгэлгээний дугуйлан, Сонгинохайрхан дүүргийн 9, 107,105,122, Сүхбаатар дүүргийн 1, 2, 4, 45, 71, Хан-Уул дүүргийн 118, 59 дүгээр сургууль болон Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Сэврэй сум, Багануур, Төв, Хэнтий, Багахангай, Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 71 сурагч 80 гаруй бүтээлээр оролцсон юм.Ийн шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээгээрээ Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Б.Билгүүний бүтээл шалгарсан бол хоёрдугаар байранд Хэнтий аймгийн Чингис хотын нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Баяр-Эрдэнэ, гуравдугаарт Баянгол дүүргийн Монгени цогцолборын 9б ангийн сурагч А.Одмаа нарын бүтээл шилдгээр шалгарсан. Уралдааны ялагч Б.Билгүүн “Би бүтээлийнхээ санааг интернетээс хайж, 3D хэлбэрээр хийхийг зорьсон. Бүтээл хийхдээ хөөсөнцөрөөр хэлбэр гаргаж товойлгоод, хөөсөнцөрөө зүсэж, модоо наасан юм. Технологийн хичээлдээ их сонирхолтой” гэв. Тэмцээний шүүгч Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, инженер Л.Ариунболд “ Энэ уралдаанд оролцож буй хүүхдүүдийн бүтээлийг харахад ерөнхий боловсролын сургуулийн технологийн хичээлийг иж бүрэн лабораторид явуулах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хүүхдүүд маань шинийг эрэлхийлж, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байна. Энэ уралдааныг цаашдаа уламжлал эхний жил зохион байгуулна” гэсэн юм. Энэхүү арга хэмжээнд шилдгүүдээ тодруулахаас гадна зохион бүтээгч хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн болон робот сумогийн үзүүлэх тоглолт явуулсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихээхэн татаж байв.
А.СҮРЭН
Эх сурвалж: www.polit.mn