Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол, Японы гадаад харилцаа, батлан хамгаалах аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн Японы ГХЯ-ын Ази, Номхон далайн газрын дарга Ж.Ихара тэргүүтэй төлөөлөгчдийг 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Ноён Ж.Ихара Гадаад хэргийн сайдаар томилогдсон Л.Пүрэвсүрэнд баяр хүргээд, хоёр орны харилцаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, ирэх онд энэхүү хамтын ажиллагааны эрчийг хадгалж харилцан айлчлалыг идэвхтэй өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны орны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурах чиглэлээр дотооддоо бэлтгэлийг ханган ажиллаж байгааг танилцуулав.
Эх сурвалж: mfa.gov.mn