“Баялгийн сан”-гаараа дамжуулж гадаадын ХО-ыг татдаг болчихоод байна

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

“Баялгийн сан”-гаараа дамжуулж гадаадын ХО-ыг татдаг болчихоод байна

Moнгол Улсын Сангийн сайд асан, гавьяат эдийн засагч, профессор Э.Бямбажавтай цаг үеийн асуудлаар  ярилцлаа. Өдгөө 78 насны сүүдэр тохиож буй тэрбээр санхүүгийн зөвлөгөө  өгдөг “Файнанс консалтинг”,  “Их Тусч” ХХК-ийн  захирлаар  ажилладаг юм.

-Тантай уулзсаных маш олон зүйлийн талаар ярилцмаар байна л даа. Гэхдээ эхний асуултаа Хятад улсын дарга Си Зиньпиний тоос нь замхраагүй байгаа айлчлалын талаар эхлүүлье гэж бодлоо. Их л олон гэрээ хэлцэл байгуулж нэлээд зээл тусламж авлаа. Сэтгэл дүүрэн байгаа нэг хэсэг байхад ард иргэдийн нуруун дээрх өр зээл нэмэгдлээ гэх хүмүүс ч байна. Тэгэхээр зээлийн талаар та юу гэж боддог вэ?

-Улс орон хөгжихөд зээл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй, зээл авах шаардлагатай юу гэвэл  шаардлагатай. Гэхдээ Засгийн газар баталгаа гаргаж Засгийн газрын нэрээр авдаг нь буруу. Тухайлбал, Тавантолгой ч юм уу, аль нэг төмрийн орд зээл авъя гэж байгаа бол өөрөө л аваад буцаагаад төл. Харин Засгийн газар эдгээр зээл авч байгаа газруудыг бодлогоороо дэмжиж өгдөг байх хэрэгтэй. Товчхондоо ийм л юм.

Манай одоогийн болон өмнөх  удирдлагууд ойлгохгүй  байгаа нэг асуудал  байна. Энэ бол  дэлхий нийтэд сүүлийн 20-иод жилд байгалийн баялагтай орнууд “Баялгийн сан” гэж байгуулсан явдал. Өнөөдөр дэлхий дээр  баялгийн 60 сан байна. Гэхдээ бүх орон энэ баялгийн санг байгуулчихдаг юм  биш. Баялагтай орон л  үүнийг хийж  чаддаг. Баялгийн  сантай орнууд хоорондоо нэгдээд  тэр сангаараа дамжуулж  зээл авдаг.  Үүнд Засгийн газар нь оролцдоггүй.  Ямар ч  баталгаа гаргаж өгдөггүй. Харин Засгийн газар  нь дэмжиж өгдөг. Гэтэл манай Засгийн газар оролцож баталгаа гаргаж өгдөг. Энэ нь маш том алдаа.

“Баялгийн сан”-г манайхан арай өөрөөр ойлгоод байх шиг?

-Тийм. Манайхан “Баялгийн сан”-гаа байгуулж чаддаггүй. “Баялгийн сан” гэдгийг гадагшаа мөнгө хадгалуулаад байвал л  хөгждөг гэж ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш. Би гадны томоохон хөрөнгийн эзэн улсуудтай ярьж байсан. “Таван толгойн ийм уурхай байдаг юм. Энд хоёр тэрбум  ам.доллар хэрэгтэй байна. Үүнийг ямар хугацаанд  өгч  чадах вэ” гэхэд  “Хоёр  сарын  дотор өгнө” гэсэн. Юу шаардахыг нь асуухад Тавантолгойн уурхайнхаа материалыг л өгчих. Хэчнээн нөөцтэйгөөс хэдийг нь  экспортлох, хэчнээнийг нь   дотооддоо  боловсруулах юм тэрийгээ  л  тодорхой  болго. Та нарын тооцоо зөв  бол  хоёр сарын  дотор  л бүтнэ. Гэхдээ та нар  “Баялгийн сан”-гаа  байгуулчих. Тэгээд тэр сангаараа дамжуулаад зээлээ ав. Бид зээлээ нэг  газраас өгөхгүй. Танай Тавантолгойн уурхайд аль ойр байгаа газраас нь өгнө. Харин  шууд Таван толгойтой л харьцахаас Засгийн  газар ч юм уу өөр хэн нэгэнтэй харьцахгүй гэдэг. “Баялгийн сан”-гаараа дамжуулж гадаадын хөрөнгө оруулалтыг  татдаг болчихоод  байна шүү дээ.

-Гадаад улсуудтай хийсэн хувь нийлүүлсэн гэрээ хэлцлийг Сангийн яам мэддэг байсан цаг бий. Жишээлбэл 1998 оныг хүртэл Улаанбаатар төмөр замын асуудлыг Сангийн яам мэддэг байсан. Гэтэл одоо Зам тээврийн яамны мэдэлд байдаг. Энэ нь  тээвэрлэлт талаасаа байж болох ч нэг л биш санагдах юм?

-Тэгэхээр хуучин  ямар байсан гэдгийг  эхлээд ярья. Би Улаанбаатар  төмөр  замын  үйл  ажиллагаатай Сангийн яаманд  валютын хэлтсийн даргаар 1967оноос эхэлж  томилогдон ажиллахаасаа  л холбогдсон хүн. Яагаад гэвэл УБ төмөр зам гадаад төлбөр тооцоо ихтэй, хөрөнгө хувь нийлүүлсэн асуудал гарахад  валюттай холбогддог  учраас үйл ажиллагаанд  нь оролцдог байсан юм. 1972 онд Сангийн яамны  нэгдүгээр орлогч сайд болсон тэр үед ч  мөн л төмөр  зам,  болон  Орос  Монгол, гадаад орнуудтай  явуулсан хамтарсан  үйлдвэрүүдийн үйл  ажиллагаанд оролцдог  байлаа.  Сангийн сайдаар  хоёр удаа томилогдон ажиллахдаа  Улаанбаатар Төмөр замын ерөнхий хувь нийлүүлэгч буюу  акционёр гэдэг  ийм үүргийг хэрэгжүүлж  байсан юм. Улаанбаатар Төмөр замыг байгуулсан 1949 оны  хэлэлцээрт  “Ерөнхий хувь нийлүүлэгчид бүхнийг шийднэ. Ерөнхий хувь нийлүүлэгчээ талууд өөрсдөө  томилно” гэсэн заалттай байсан. Энэ заалтын дагуу  Сангийн яамыг 1950-иад оноос Монголын талыг  ерөнхий хувь нийлүүлэгч гэдгээр нь тавьсан байдаг юм.

Түүнээс хойш Улаанбаатар  Төмөр замын асуудлыг ерөнхий хувь нийлүүлэгчийн хувьд ерөнхий акционёруудын хурлыг хийхэд голлох  үүргийг  гүйцэтгэдэг,  даргалдаг  байсан юм.  Энэ нь  юутай  холбоотой  гэхээр  нэгдүгээрт  УБ төмөр замын асуудал чухал. Хоёрдугаарт  хоёр улсын хооронд хөрөнгө мөнгөний асуудал нэлээд гардаг, Монгол Улсын хөрөнгийг захиран зарцуулдаг байсан учраас Сангийн яаманд хамааруулдаг  байсан.

Оросын тал үнэнийг хэлэхэд тэр үед хөрөнгө нэмж  оруулахдаа их урам муутай байдаг байсан. Тэд Улаанбаатар Төмөр замд бид  их хэмжээний хөрөнгө мөнгө  зарцуулчихсан. Үүний  өгөөжийг л  шаардах  ёстой гэсэн  зарчим  баримталдаг  байсан. Тэр нь ч аргагүй л биз. Гэхдээ Сангийн яам аль болох Оросын талаас хөрөнгө  гаргуулахыг  эрмэлздэг байсан.  Тийм ч учраас  дүрмийн санд их олон удаа  өөрчлөлт  орж байсан.  

Гэхдээ дандаа нэмэгдэж байсан. Жишээлбэл, Эрдэнэтийн том обьектыг барьчихаад  Төмөр замын  хэсгийг нь  Улаанбаатар төмөр замд Засгийн газар  хоорондын хэлэлцээрээр  шилжүүлээд л өгч байсан юм. Энэ болгонд Сангийн яам оролцдог. Яагаад гэхээр зээлтэй  холбоотой, сүүлд нь  яаж  төлөх вэ гэдгээ  яам төлөвлөдөг учраас тэр. Миний мэдэхээр 1996 онд намайг Сангийн сайд байхад ерөнхий хувь нийлүүлэгч  хэвээрээ  байсан  түүх энэ. Хуучин  түүх бол энэ.

-Тэгвэл  одоо ямар байх ёстой юм бэ?

-Одоо ямар  байх  ёстой  юм гэж үү. Манай хуулиар  Засгийн газрын шийдвэрүүдээр  Монгол Улсын  аж  ахуйн нэгжүүдийн  төрийн өмчийн  болон  төрийн өмчийн оролцоотой  аж ахуйн нэгжүүдийг хариуцдаг газар нь Төрийн өмчийн хороо.

Тийм ч  учраас  Эрдэнэт, Монросцветмет зэрэг Засгийн  газрын хэлэлцээрээр  байгуулагдсан хамтын үйлдвэрүүдийн төрийн өмчийн хэсгийг  Төрийн өмчийн хороо хариуцдаг болгосон байгаа. Миний ойлгож байгаагаар тэр утгаараа  Төрийн өмчийн хороо  энэ хэлэлцээрийг  хэрэгжүүлэх үйл  ажиллагааг хариуцаад явдаг байх ёстой. Дээр  үед байгуулагдаж  байхдаа  Төрийн өмчийн хороо  Сангийн   яам, сангийн сайдын   удирдлаган дор  байгуулагдаад  сүүлдээ  Засгийн  газрын  удирдлаганд очсон юм. Энэ ч гэсэн Засгийн газар  төрийн өмчөө  барьж байгаа эзэн нь  юм чинь Сангийн яам нь байна уу,  Засгийн газар байна уу  нэг их  ялгаа байхгүй л дээ. 

Харин одоо  салбарын яаманд хариуцагдаж байгаа учраас яам төрийн өмчийн бүх зүйлийг мэдэхгүй л дээ.  Тэгэхээр  үүнийг  зохион байгуулалт, бүтцийн буруу  удирдлага  явж байна гэж л хэлэх гээд  байна.

Төрийн өмчийн хороо бол Засгийн газартаа  юм уу  Сангийн  яамны  харьяанд л  явж байх ёстой. Энэ удирдлагад ороод ирсэн нөхцөлд гадаадын хамтын үйлдвэрүүд түүний  дотор Улаанбаатар төмөр замын  хувь нийлүүлсэн байгууллагын төрийн өмчийн  хэсгийн 50 хувийг Төрийн өмчийн хороо хариуцаад  явах  ёстой. Энэ бол хуульдаа ч нийцэж  байгаа. Засгийн газраас  төрийн өмчийн  агентлагийн үүргийг гүйцэтгэ  гэж гаргасан шийдвэрүүдэд нийцэж байгаа юм.  Төрийн өмчийн хорооны доор  түүний нэг  бүрэлдэхүүн хэсэгт Монголын төмөр зам гэсэн нэгж байгуулагдсан байгаа. Тэгэхээр  төрийн өмчийн хороо энэ үүргээ авсан нөхцөлд Монголын төмөр замын  захирлаар энэ үүргээ гүйцэтгүүлээд   явчих ёстой. Харин  ерөнхий хувь нийлүүлэгч  нь хэн байх ёстой  вэ гэдгийг Засгийн газар яриад шийдчих хэрэгтэй. 

-Улаанбаатар төмөр зам одоо нэлээд хүнд байдалд байгаа гэх мэдээлэл  бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Миний  ойлгож байгаагаар  санхүүгийн хувьд  нэлээд  хүндэрсэн. Гадна, дотно багагүй хэмжээний өртэй. Ер нь  Монголын төмөр замыг нэлээд өргөтгөе гэж үзэж байгаа. Харин   Улаанбаатар  төмөр замын бүрэлдэхүүнд байх уу  тусад нь байлгах уу гэдэг нь нэг асуудал.  Гэхдээ төмөр замын бодлогоо тээврийн яам нь,  хөрөнгө мөнгө, эдийн засаг талаас нь Сангийн яам  барих ёстой. Ерөнхий хувь нийлүүлэгч  нь Сангийн яам байгаад, түүнийг хэрэгжүүлэгч нь  төрийн өмчийн хороо, түүний  доор  байгаа Монголын төмөр зам  ажлыг  нь гүйцэтгээд  явчихдаг байвал Оросын талтай харилцахад ч  дөхөм болно. Монгол дотроо хуульд ч бүрэн нийцнэ гэж  би хувьдаа бодож явдаг юм.  Товчхондоо тээврийн  бодлогоо Тээврийн яам нь, эдийн засгаа өнөөгийн  хүнд нөхцөлд  Сангийн  яам  барих ёстой гэсэн үг.

-Нэгэнт төмөр замын асуудлаар ярилцаж байгаа болохоор  өргөн, нарийн царигийн тухайд таны бодлыг сонсмоор санагдлаа. Энэ тухай маргаан одоо ч байгаа шүү дээ?

-Монголын нутаг дэвсгэрт хэнтэй ч,  юутай  ч  ярих  юмгүйгээр  өргөн төмөр зам   барих хэрэгтэй.  Уул уурхай,  үйлдвэрийн ч юм уу,  шууд хилээсээ гадагшаа гаргах  юман  дээр   нарийн төмөр замаа  л барих  хэрэгтэй. Түүнээс биш Монголын хил дотроо нарийн төмөр  зам байгуулаад огт хэрэггүй. Үүн дээр  бодлого энэ тэр гээд маргаад байх юм  ерөөсөө  байхгүй, маш амархан асуудал.

-Өнөөгийн эдийн засаг хүндэрсэн нь  улс орон төдийгүй иргэний амьдралд ч  мэдрэгдэж байгаа. Үүнээс гаргах арга замыг та харж байна уу?

-Манай  Монголын эдийн засаг  гадагш нь харьцуулахад маш  жижигхэн шүү дээ. Үүнийг засахад, эвдэхэд, ер нь хүндрүүлэхэд ч  маш амархан. Үндсэндээ ам.зөвхөн долларын ханшаас  болоод л хүндрээд байна.  Төгрөгийн ханш яагаад унаад байгаа юм гэвэл манай буруу бодлоготой холбоотой. Тийм учраас  эдийн засаг хүнд байна. Эдийн засгийг  сэргээх боломж байна уу гэвэл байна. 

-Таны бодлоор яаж сэргээх вэ? 

-Миний бодлоор зөв бодлого явуулаад, ханшаа  тогтвортой бариад, төсвийн гаднах энэ их олон таван юмаа танаж хасаад  төсөв дотроо суулгах хэрэгтэй.  Мөн захиргааны энэ их аппаратаа  багасгаад  төр нь  зөвхөн  бодлогоо барьдаг, аж  ахуйнхан нь  ажлаа бие даагаад  явуулдаг байх хэрэгтэй. Тэгвэл ирэх оны  эхний  хагас гэхэд  энэ хүндрэлээс гараад л ирнэ. Тэгээд ирэх оны  хоёрдугаар хагаст л өөр болчихно. Манайхан гадаад бодлогын хувьд бас алдаад байна. Сая Хятадын даргын айлчлал сайн, сайхан  боллоо гэж  байна. Сайхан болсоон, болсон. Тэр тэрбумын зээлээ  аваг л дээ. Авахдаа Засгийн газар биш  тэр үйлдвэр нь аваад  явбал энэ зөв бодлого.

Одоо Путин  ерөнхийлөгч ирээд  ингээд л ярина.  Орос улсад  Монголтой  ажиллах  сонирхол байна уу гэвэл байгаа.  Оросууд  бидэнтэй 70 жил ажиллахдаа   Монголын эдийн засгийг  бэхжүүлж  өгсөн  болохоос биш хэзээ ч   нураагаагүй, хурааж  аваагүй.  Экспорт, импортын наймаа  ашигтай, алдагдалтай  байсан гэх  яриа  байдаг. Тэр болоод  өнгөрсөн зүйл.Ноос  ноолуур, түүхий идээ хямд үнээр өгч байж уу гэдэг нь өөр  асуудал.  Одоо цаашдаа энэ зах зээлийнхээ зарчмаар алинтай нь ч зөв яваад аж ахуйн  нэгжүүдээ дэмжээд өгчихвөл  энэ эдийн засаг сайжирна. Харин манайхан эдийн засгийн аль юман дээр нь алдаад  байна гэхээр нүүрстэй байж олигтой  ашиглаж  чаддаггүй. Нефтьтэй байж мөн  л ашиглаж чаддаггүй. Зэсийн  баяжмалтай байж эцсийн боловсруулалтыг нь хийж  чаддаггүй. Төмөртэй  байж  төмрөө  боловсруулж  чаддаггүй. Байгалийн баялгаа  боловсруулаад  хэд хэдэн уурхай  дээр нүүрсээ  түшиглээд  цахилгаан станц  барьчихвал  цахилгаанаа гаргаад баяжих боломж байна.

 Гаднаас  1.5 тэрбум  төгрөг  авчраад  зам барьж байна. Энэ бодлого буруу. Зам барих  биш  үйлдвэрүүдээ  барих  ёстой. Тэгвэл  таван жилийн дараа зээлийн  хугацаа нь  болоход  бүтээгдэхүүнээ гаргаад түүнийгээ борлуулаад  зээлээ төлөх бүрэн боломжтой. Замаа дотоодынхоо эх үүсвэрээр өндөр хүүтэй биш, боломжийнхоо  хэрээр  барих хэрэгтэй.

-Түрүүн та захиргааны  аппаратыг  цөөлөх хэрэгтэй гэж байсан. Таныг Сангийн сайд байхад танай яам хэдэн хүнтэй, хэчнээн машин тэрэгтэй байв. Газар хэлтсийн дарга нар унаа машин унадаг байв уу?

-Бидний үед  орон тоог маш нарийн  хянадаг байсан. Хэчнээн дарга, хэдэн мэргэжилтэн байх вэ гэдгийг Хөдөлмөр цалин хөлсний улсын хороо орон тоо, цалинг нь хянадаг, “Тэдэн хүний ийм цалинг та нар  хүргэнэ шүү” гэдэг байсан. Түүний дагуу Сангийн яам  төсвийг нь хийж хуваарилж өгдөг. Манай яам гэхэд 70 хүнтэй.  Ер нь аливаа  яамд жижүүрийн нэг машинтай,  орлогч сайдынхаа  тоогоор  машинтай байх  жишээтэй. Харин  сайд хоёр машинтай. Нэг нь хөдөө ажлаар явдаг  “Уаз-469”, нөгөө нь жижиг тэрэг.  Ямар ч газар хэлтсийн дарга тусдаа машин унах эрхгүй. Ихэвчлэн жижүүрийн ганц машинаар л ажлаа гүйцэтгэнэ. Онцгой тохиолдолд орлогч сайдын машинаар  ажлаа  амжуулдаг байлаа шүү дээ. Орлогч сайдын машин чинь лимиттэй. Түүнээс хэтэрч болохгүй. Түүнд тааруулж  шатахууны мөнгийг нь өгнө. Хэтэрвэл   өөрсдөө төлдөг ийм л байсан. Гэтэл одоо үнэхээр замбараагаа алдаж.

Мөнгө төгрөг зарцуулахыг толгойтой болгон шийддэг болоо юу даа. Бидний үед хатуу, хэт нарийн  байсныг үгүйсгэхгүй л дээ.

-Та бухимдаж байгаа хүнтэй өнөөдөр ч юм уу ойрмогхон таарав уу. Дөрөвдүгээр улирлынхаа төсвийн мөнгийг түрүүлээд идчихсэн. Төсвийн газрууд цалин мөнгөө тавьж чадахаа байх нь. Автобус унааны мөнгө, зам ашигласны төлбөр гээд янз бүрээр мөнгө босгох арга сүвэгчилж байна гэх яриа  иргэдийн дунд гараад байгаа л даа?

-Тааралгүй  яах вэ. Иргэдийг үнэндээ бухимдуулж байна. Энэ хэдэн хоногт иргэдийг маш их бухимдуулж байна. Автобус хоёр минут тутамд явж байгаа гэж дарга нар нь яриад байгаа. Гэтэл  цаг  хүлээгээд зогсч байна шүү дээ.  Нөгөө автобус хааччихсан. Ингэж  иргэдийг хуурч  болохгүй.

Иргэний авто машиныг ачаад явна, дугуйг нь түгжинэ гэж байна. Тэгвэл зогсоолыг нь  шийдэж байж дараа нь ачих, түгжих асуудлаа ярих хэрэгтэй. Сангийн яам хэчнээн харилцагчтай юм, хэдэн машин  зогсох боломжтой вэ гэдгийг нь бодож үзэх  хэрэгтэй. Тэнд 20  машин л зогсох боломжтой байгаа. Тэгвэл тэнд 200 машин ирж байгаа. Дэлхий нийтийн жишиг бий. Эхлээд боломж нөхцөлөөр  нь хангаж өгдөг. Тэгээд зөрчсөн тохиолдолд  торгодог. Гэтэл манайд эсрэгээрээ. Иргэдийн бухимдал үүнээс  үүдэлтэй. Мөнгө олохын  төлөө ажиллаж  болно. Гэхдээ торгуулиар бус харин бизнесээр мөнгө олж хөгждөг юм. Ийм бодлого байвал түүнийгээ өөрчлөх хэрэгтэй.

-Та сайд байхдаа хоногт хэдэн цаг ажилладаг байв?

-Энэ асуултаас чинь үүдээд хэлэхэд манай улсын амралтын хугацаа их урт болж. Улсын баяраар  таван өдөр  амрах ямар  шаардлага байгаа юм. Монгол Улсад хөдөлмөрийн бүтээмж бага шүү дээ. Амралтыг юутай холбож  үздэг юм гэхээр  хөдөлмөрийн бүтээмжтэй л  холбож үздэг. Хөдөлмөрийн  бүтээмж  дорой  мөртлөө    амрах өдрөө нэмээд байх нь буруу бодлогын л нэг хэлбэр.

-Одоо  тэртээ 1967 онд Эрхүү хотод зээлийн эдийн засагч мэргэжлийн диплом өвөрлөөд ирж байсан Э.Бямбажав гэж хүний тухай цухас өгүүлэхгүй юу?

-1963-1967онд сургуулиа төгсч ирээд одоогийн Монгол банкинд ажиллаж  байлаа. Гэтэл гэнэт дуудаад Сангийн яаманд Валютын  хэлтсийн даргаар томилсон. Валютын хэлтсийн дарга гэдэг бол тэр үедээ бүх гадаад тооцоог нэгтгэж барьдаг байсан. Гадаад төлбөр тооцоо гэрээ хэлцэл нэгтгэгдээд тэнд  төвлөрдөг байлаа. Тийм учраас би жилд 29 удаа гадаадад томилолтоор явж байлаа шүү дээ. Гэрээ хэлэлцээр хаана л хийгдэнэ тийшээ  явна. Худалдааны, хоёр улсын хоорондын гэрээ хэлэлцээр  гэх  ажил ундаргатай юм шиг л  байлаа. Дээр нь эдийн засгийн  харилцан туслалцах зөвлөл гэж том  юм байлаа. Гадаад төлбөр тооцоог хянадаг. Одоо бол гадаад төлбөр  тооцоог нэгтгэн барьдаг газар алга.  Зөвхөн зээл хариуцсан нэг хэлтэстэй. Тэр нь Эдийн засгийн яаманд байгаа байх.

Э.Бямбажав гэж энэ өвгөн 1939 онд  Увс аймгийн  Өмнөговь суманд төрсөн. Эрхүүд  таны дурьдаад байгаа мэргэжлийг эзэмшсэн. 1979-1984, 1995-1996 онд Сангийн сайдаар ажиллаж байсан ийм л нэг өвгөн байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

С.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж