Халк: “Ялзарсан алимнууд” явсан нь сайн хэрэг

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Халк: “Ялзарсан алимнууд” явсан нь сайн хэрэг

Өнөө цагийн Бразилын шигшээ багийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Халкийн сонирхолтой ярилцлагыг "СПОРТЫН ӨНГӨ" та бүхэнд хүргэж байна. Тэрээр энэ ярилцлаганд шигшээгийн шинэ дасгалжуулагчийн талаар, Зенитэд өнгөрүүлж буй адармаатай замналынхаа талаар сонирхолтой яриаг өрнүүлжээ.

Бразилын шигшээ баг болон ОХУ-ын “Зенит” клубийн довтлогч Халк буюу Живанилдо Виейра де Соуза нутгийнхаа “Estado” сонинд сонирхолтой ярилцлага өгчээ. Орос хөлбөмбөгчид өөрт нь таагүй хандаж байснаас болж клубээ орхихыг хүсч байснаа нуугаагүй байна.

-“Зенит”-ийн энэ улирлын гараа сайн байгаа нь Бразилын шигшээ багийг 2014 оны ДАШТ-д хэрхэн тоглосныг мартахад тус болж байна уу?

-Эргэлзээгүй. ДАШТ-ий дараа ердөө найм, есхөн хоног амраад улирлын тоглолтын бэлтгэлд гарснаар шигшээ багийн бүтэлгүйтлийг толгойноосоо авч хаясан. Би дэлхийн аварга болно гэдэгтээ их итгэлтэй байсан. Тиймээс болж өнгөрсөн явдлыг хүлээж авахад бэрх байсан. 

-Та Германд 1:7-гоор ялагдсан тухай бодсоор л байна уу?

-Тийм зүйлийг мартахгүй шүү дээ. Энэ тоглолтын талаар 50, 100 жилийн дараа ч ярьсаар байх болно.

-Та клубтээ үргэлж ганцаараа ажилладаг, их довтолдог. Харин шигшээ баг хамгаалалтад тусалж байсан болоод ч тэр үү олон хүнд “Довтлохдоо хайнга” гэж шүүмжлүүлсэн. Энэ тухай юу гэж бодож байна?

-Ерөнхий дасгалжуулагч чамаас юу хүсч байгааг мэдэхийн тулд шүүмжлэл сонсох гэх нь эвгүй. Би өнөөг хүртэл яаж ажиллаж ирсэн, түүн шигээ довтолж тоглохыг илүү хүсэх нь ойлгомжтой. Гэвч эхний ээлжинд багийнхаа тухай боддог. Би талбай дээр багийнхандаа туслахын тулд хамгаалалтад буцах үйлдлийг хийж хэвшээгүй юм. Гэвч Фелипао чухам ингэж тоглохыг хүсээд байгаа. 


-ДАШТ-ий дараа Бразилын шигшээ багийн дасгалжуу­лагчаар томилогдсон Дунга таныг урьсан ч бэртлийн улмаас жагсаалтад нь багтаагүй. Гэвч таныг “Зенит”-ийн төлөө тоглосонд Дунга сэтгэл дундуур байгаа юм биш үү?

-Би наймдугаар сарын 31-нд бэртмэгцээ энэ тухай ярихаар Дунга руу утасдсан. Намайг Бразилд очиж, шигшээ багийн эмч нарт үзүүлэхийг хүсч байгаа эсэхийг асуусан юм. Тэгэхэд тэр “Хэрэггүй, Орост шинжилгээ хийлгэхэд л болно. Хариуг нь илгээгээрэй” гэсэн. Дөрвөөс зургаан долоо хоногийн дараа эмчлэгдэх дүн гарсан. Бид энэ бүхнийг бид Бразилын хөлбөмбөгийн холбоонд илгээсэн. Гэхдээ би их хурдан босоод ирдэг л дээ.  Өдөр бүр эмчилгээ хийлгэсээр байгаад есдүгээр сарын 10-нд дасгал сургуулилалтдаа эргэж ирж, улмаар 13-нд нь тоглосон. Гэвч хэн нэгэн Дунгад худлаа мэдээлэл дамжуулсан байна билээ. Түүнд “Халк талбайд есдүгээр сарын 6-нд гарсан” гэж хэлсэн байсан (Шигшээ баг есдүгээр сарын 5, 9-нд тоглосон юм). Энэ худлаа.

-Та дараа нь Дунга руу нөхцөл байдлын талаар тайлбарлах гэж утасдсан уу?

-Үгүй ээ, яагаад гэхээр утасдахад ямар хариу үйлдэл үзүүлэхийг би мэдэхгүй. Тэгээд ч Бразилын хөлбөмбөгийн холбооноос хэн ч надтай холбогдоогүй. Би дасгалжуулагчийн шийдвэрээр шигшээ багийн гадаа байгаа юм бол түүний санаа бодлыг хүндэтгэж, шинэ боломж олж авахын тулд ажиллах л үлдэж байна. Харин намайг үл ойлголцлоос, худлаа мэдээллээс болж дуудахгүй байгаа бол дасгалжуулагчаа ойлгохгүй байна. Би бүхнийг нэг бус удаа тайлбарласан.

-Та Орост аз жаргалтай байна уу. Эсвэл өөр оронд тогломоор байна уу?

-Намайг хоёр жилийн өмнө “Зенит”-д ирэхэд уур амьсгал маш муу байсан болохоор би явахыг хүсч байлаа. Баг дотроо хоёр хуваагдчихсан, оросууд гадаадын­хантай харилцдаггүй байсан. Энэ нь “Зенит”-д саад болсон, бид юу ч хожиж чадаагүй. Гэвч Андре Виллаш-Боаш ирснээр “Ялзарсан алимнууд” эндээс явж, бүх юм сайн тал руу эргэсэн. Клуб надад их юм зориулсан, би үүнийх нь хариуг аваргын титмээр барихыг хүсч байна. Гэхдээ “Гэрээ дуусахаас өмнө намайг бүү худалдаач” гэж гуйхгүй.

Р.ОЮУНЖАРГАЛ

 Эх сурвалж: "СПОРТЫН ӨНГӨ"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж