Жавар тасхийсэн 25 жилийн тэртээх өдрүүдэд Монгол орон даяар цурайтсан “Хонхны дуу” ардчилсан хувьсгалын уриа нь байлаа. Далан жилийн турш монголчуудын цээжинд нуугдаж явсан эр зоригийг бадрааж, эрх чөлөөнийхөө төлөө босч тэмцэх сэрүүлэг болж чадсанаараа “Хонхны дуу”- хорьдугаар зууны түүхэн бүтээлд зүй ёсоор тооцогдох учиртай юм. Ардчилал, ардчилсан хувьсгалын хонх нь бол ирсэн “Хонхны дуу” өчигдрийн маргааш ч сэрүүлэг хэвээрээ байна.
Энэ дуу монголчуудыг хөглөж, сэрээж, эрх чөлөөнд нь хүргэж, энэ дуу Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалан үлдэхэд томоохон хувь нэмэр оруулсан. Үгүйсгэх аргагүй үнэн энэ юм.
Ардчилалын анхдагч, “Хонх” хамтлагийн дуучин, нэрт нийтлэлч С.Цогтсайхан агсны зохиосон “Хонхны дуу”-нд ардчилсан хувьсгал ялсны 25 жилийн ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээсэн нь нүдээ олсон шагнал байв. ОЭнэ бол "Хонхны дуу"-ны Монголын ардчилалд оруулсан хувь нэмрийг үнэлсэн үнэлгээ болж чадсан юм. Үнэхээр ч Монголын бээрсэн нийгмийг "Хонхны дуу" сэрээсэн. Одоо ч Монгол орны өнцөг бүлэн бүрт ардчилалыг түгээх салхи болж байна.
Гэгээн наран илчээрээ
бээрсэн толгодыг гэсгээнэ
бэлгэдлийн хонх нь эгшгээрээ
Нойрноос бүгдийг сэрээнэ.
Магадгүй үг нь хэтэрхий энгийн, ая нь бас хэтэрхий гунигтай санагдаж болох юм. “Хонхны дуу”-наас илүү гоё үгтэй, гоё аятай, түүхэн ,бадрангуй бас шинэлэг дуунууд олон байдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өнөөдрийн эдэлж яваа эрх чөлөөг олж авахад олон, олон монгол залуус "Хонхны дуу”-нд сэрж, нэгдэж, тэмцэж явсныг бүү март. Бас энэ дууны түүхэн гавъяатайг хүссэн ч эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Төрийн соёрхлыг бүтээлд хүртээдэг ёстой. Дөрвөн мөрт шүлэгэнд ч төрийн соёрхол хүртээж байсан удаа бий.
Хүнлэг энэрэнгүй, эрх чөлөөт нийгмийг бий болгоход С.Цогтсайхан агсны бүтээл энэ дуу өмнийн говиос дорнын тал, дорнын талаас хангайн уулс хүртэл цуурайтсан. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжихэд сэрүүлэг нь, хөшүүрэг нь, уриа нь, туг нь болж чадсан “Хонхны дуу” Монгол орныг сэрээгээгүй бол эрх чөлөө, тусгаар тогтнол хэмээн бусдад хүсээд ч, тэмцээд ч олдохгүй байгаа энэ эрхэм зүйлийг илүү урт хугацаанд, илүү үнэ цэнээр олж авах байсныг хэн мэдлээ. Ямар ч байсан цус гаргалгүйгээр хийсэн хувьсгалын ололтыг бид мартах ёсгүй. Үүний хонх нь байсан "Хонхны дуу"-г мартах учиргүй.
Тиймээ, талын Монголд өнөөдөр ч “Хонхны дуу” эгшиглэсээр л байгаа. Монголын хөрсөнд ардчилалын үрийг цацсан ах нарынхаа үргэлжлэл болгож бид түүнийг нь соёолуулж, цэцэглүүлэх үүрэгтэй. Азийн цээжинд орших, жижигхэн энэ ард түмэн дэлхийн түүхэнд ардчилсан Монгол гэдгээрээ бичигдэж байна. Ардчилсан Монгол хэмээн дэлхийд танигдах анхны сэрүүлэг нь “Хонхны дуу” л байлаа.
Ж.ЭРХЭС