Хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харъяанд байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.