Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол” сэдвийн хүрээнд боллоо. Түүх, соёл, байгалийн давтагдашгүй өв нутгаа тусгай хамгаалалтанд авснаар тэдгээрийг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх мэтчилэн бусад салбарууд тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлж байдаг. Эдгээр салбаруудын олж буй ашиг нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үнэ цэнэ, үр өгөөжийг илэрхийлнэ. Тухайлбал 2009 онд Дэлхийн банкны хийсэн судалгаагаар Туул голын эхийн эдийн засгийн үнэлгээг 90 тэрбум төгрөг гэж тооцжээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Тусгай хамгаалалттай газар нутгаас эдийн засгийн өгөөж хүртэж буй салбаруудын эдийн засгийн үнэлгээг 2012 оны байдлаар тооцож гаргасан байдаг. Үүнд: Монгол орны газар тариалангийн салбар 197.2 тэрбум төгрөгийн үр өгөөж, мал аж ахуйн салбар 1.05 их наяд төгрөг, ундны усны үнэ цэнэ 123.9 тэрбум төгрөг, аялал жуулчлалын салбарын хувьд 20.9 тэрбум төгрөгийн өгөөж хүртдэг аж.
Олон улсын чиг хандлагаас харахад дэлхийн хамгийн том 100 хотын гуравны нэг нь ундны усаа тусгай хамгаалалттай газар нутгаасаа авч хэрэглэдэг байна. Мөн Танзани улсын Сирэнгэтийн паркаа түшиглэн олсон орлого нь тус улсын төсвийн 50 хувийг бүрдүүлдэг жишээтэй. Эдгээр баримтуудаас харахад онцгой үнэ цэнэ, ач холбогдол бүхий газар нутгийг “Тусгай хамгаалалттай газар нутаг”-т оруулах, түүний менежментэд олон талууд оролцон анхаарах шаардлагатай юм.
Тусгай хамгаалалттай газар нутаг нь дэлхий нийтийн хэмжээнд байгаль орчны доройтлыг хязгаарлан зогсоож, байгалийн жам ёсны шүтэлцээт харьцааны нөхцөлийг хангах сонгодог гол хэлбэр болохын хамт хүн төрлөхтөний байгаль, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй өвийг үе дамжуулан үлдээх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангаж улмаар улс орнууд байгаль орчиндоо зохицон тогтвортой хөгжих үзэл санааг баталгаажуулах үндсэн нөхцөл, шалгарсан арга юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /НҮБХХ/-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл болон Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” зэрэг төслүүд хамтран зохион байгуулж буй тус чуулганд яамд болон УИХ дахь холбогдох байнгын хороод, олон улсын байгууллагууд, ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, аймаг сумдын ИТХ мөн дээрх салбаруудад үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшил, судлаачдын төлөөлөл оролцжээ.
Д.ЦЭЭНЭ