Чуулганы хуралдааныг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2014.12.11-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг завсарлуулав

УИХ үдээс өмнөх хуралдаанаараа Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар дээрх төслийг үргэжлүүлэн хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Ойн бодлого батлагдсанаар ойн тогтвортой менежмэнт бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно. Ойн экосистем, биологийн олон янзын хамгаалалт сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд саналаа хэлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Ойн талаар баримтлах бодлого нь ойн менежмэнтийг шинэ шатанд гаргахад чиглэх ёстой. Ойн цэвэрлэгээг зайлшгүй хийх шаардлагатай болсон, үүнийгээ аж үйлдвэрийн бодлоготойгоо уяж өгөх. Ингэж чадвал хөдөөгийн олон мянган ажилгүй залуусыг ажлын байраар хангаж чадна.

Хоёрдугаарт, ойгоос эдийн засгийн үр өгөөж хүртдэг байх. Социализмын үед Хөвсгөл аймагт загвар болохуйц ойн бодлого хэрэгждэг байсан. Аймгийн төвд нь Ойн мэргэжил, сургалтын үйлдвэрлэлийн төвтэй, ойг цэвэрлэдэг анги нэгтгэлтэй, дээр нь модны үйлдвэртэй. Энэ загварыг одоо сэргээж, Швед, Финлянд зэрэг орны сайн жишгээс Монголын хөрсөнд буулгаж, ойн нөхөрлөл байгуулах, боловсон хүчнийг нь Ойн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургадаг, төгсөөд гарахад нь мод боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг харилцан холбоотой байх. Гуравдугаарт, орон нутаг дахь төрийн байгууллагууд түлшний зориулалтаар асар ихээр мод бэлтгэж, ойг сүйтгэж байгааг зогсхоо. Үүний тулд төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтад шилжүүлэх, ингэхдээ “Шинэ сум” хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг хэрэгжүүлэх. Концессын гэрээгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Энэ бүхнийг Ойн бодлогод тусгаж өгөх шаардлага байна” гэсэн юм.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж