Засгийн газар танхимаа бүрдүүлж, өчигдрөөс ажилдаа орлоо. Гэхдээ дэд сайдуудын томилгоо дутуу байгаа. Эх сурвалжийн мэдээллээр МАН долоо, АН 4, Шударга ёс эвсэлд 3 дэд сайдын суудал ногдож байгаа аж.
Дэд сайдуудыг хэзээ томилох нь тодорхойгүй ч намууд удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөл, гүйцэтгэх товчоогоороо хүмүүсээ тодруулах сурагтай.
Ингээд ирэх долоо хоногт Засгийн газар хуралдаж, дэд сайдуудын томилгоог хийх бололтой. Одоогоор аль нам ямар яам авах, тэнд хэн томилогдох нь таамаг төдий байна.
Энэ асуудлаар Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодрууллаа.
-“Шударга ёс” эвсэл дэд сайдуудаа ямар журмаар тодруулах вэ?
-2012 оны сонгуулийн үр дүнгээр Засгийн газарт орж манай эвслээс зургаан дэд сайд ажилласан. Одоо МАН засагт орж ирсэн учраас квот буурч 3 дэд сайд томилуулж ажиллуулах бололцоо бүрдэж байна. Бид нам намууд дээрээ ярилцаад салбараа мэддэг, ажил хариуцах чадвартай хүнийг сонгоод Засгийн газрын хуралдаанд оруулна.
-Гурван сайдынхаа суудлыг эвсэл дотроо намдаа бас хуваах шаардлага гарах байх?
-Ер нь МАХН 2, МҮАН 1 гэж явах байх. МАХН УИХ дахь суудлынхаа тоогоор арай олон гэдэг утгаараа 2 суудал оногдож байгаа.
С.ОТГОН