Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолыг УИХ-аар баталсны дараа эрхэм гишүүн Х.Бадамсүрэнтэй ярилцлаа.
-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолыг дөнгөж сая УИХ-аар баталж, үндсэндээ ажил шуударлаа. Үүнтэй зэрэгцээд ашигт малтмалаа борлуулах зах зээлийн асуудал гарч ирнэ. Хэр өргөн зах зээлтэй вэ, Тавантолгойн бүтээгдэхүүн?
-Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборлох боломжтой том орд. Зуу гаруй жилийн ажил эхлэх гэж байна. Их өргөн зах зээлийг харж байгаа. Далайд гарцгүй орны хувьд хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д юуны өмнө бүтээгдэхүүнээ нийлүүлэх ёстой. Тэдний боомтуудаар дамжуулж Зүүн Азийн орнуудын зах зээлд хүрнэ. Европын холбооны орнуудын зах зээлд ч нийлүүлнэ. Зах зээлд ийм дөрвөн сонголт байгаа юм. ОХУ, БНХАУ өөрөө нүүрсний нөөц ихтэй байж болох ч өргөн уудам нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт тэгш биш байгаа. Тиймээс манайхаас нүүрс авах том зах зээл дэргэд байна. Тэр хоёр орны боомтуудаар дамжиж гурав дахь орны зах зээлд хүрнэ.
ОХУ руу Наушки, БНХАУ руу Замын-Үүдээр гаргах тухай ярьж байна. Саяхан бид төмөр замын бодлогоо хэлэлцээд Даланзадгад-Тавантолгой-Оюутолгой Зүүнбаян-Сайншанд-Сүхбаатар-Чойбалсан гэсэн маршрут тогтоосон. Чойбалсангаар мөн бүтээгдэхүүн гаргаж ОХУ-ын Владивосток хүрч тэндээсээ Япон, БНСУ-ын зах зээлд хүргэнэ. Япон, БНСУ үндсэндээ нүүрсээ гаднаас импортоор авдаг. Хэрэгцээ их, асар том зах зээлтэй орнууд. Хятадын тухайд Тяньжинаар нүүрсээ цааш гаргах боломжтой. Бас Тяньжин хавьд Монгол Улс өөрийн гэсэн газартай болъё. Тэндээ бүтээгдэхүүнээ борлуулах бааз бий болгоё гэж үзэж байгаа. Тэндээс аль ч зах зээл рүү явах боломж нөхцөл бий.
-Тийм бололцоо бий юү?
-Урьд нь жоншийг тэгж гаргаж байсан шүү дээ. Япон, БНСУ, Энэтхэг рүү жонш гаргаж байсан Тяньжинаар дамжуулж АНУ руу хүртэл гаргаж байсан юм. Монгол жонш тэгж тив, дэлхийн танил болж байсан. Ер нь амаргүй л дээ. Гэхдээ урьдын тийм зам мөр бас байна. Тавантолгойн нүүрсийг иж бүрнээр боловсруулна. Одоо бол олборлоод л уурхайн мөргөцгөөс шууд цааш нь аччихаж байна. Цаашдаа тэгэхгүй. Олборлоно, угааж баяжуулна. Гүн боловсруулж кокс-химийн үйлдвэрт оруулна. Сая баталсан тогтоолд ч тусгалаа шүү дээ. Аль болох өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг үндэснийхээ хөнжлийн бодлогын хүрээнд авч үзнэ гэж тусгасан.
-Япон, БНСУ цаанаасаа, Австралиас нүүрс авдаг юм байна. Манай нүүрсний өрсөлдөх чадвар хэр байх бол?
-Хэдийгээр ижилхэн нүүрс ч гэсэн өөр өөрийн онцлог чанартай байдаг. Тавантолгойн орд бол нүүрснийхээ чанарын хувьд агуу юм. Тэр өндөр чанар манай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Нөгөө талаас аль болохоор тээврийн зардал бага байлгахын тулд өртөг шингэсэн, овор хэмжээ багатай, үнэлэмж өндөртэй тийм бүтээгдэхүүн гаргах ёстой. Тиймээс зах зээлтэй нь уялдуулж угаасан нүүрс гаргах нэг хувилбар байна. Коксын баяжмал гаргах, түүнийг боловсруулж кокс гаргах зам бас байна. Аль болохоор тухайн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн тийм л боловсруулалт хийнэ. Нэг хэсэг нь баяжмал, нөгөө хэсэг нь кокс авахыг хүсч байгаа шүү дээ. Түүнд л төрийн бодлого чиглэх ёстой. УИХ-аар сая баталсан тогтоол бол эдгээр нарийн зүйл, гарч болох хүндрэлүүдийг судалж, нэлээд нарийн үндэслэл тооцоотой болгоод, техник технологийг нэвтрүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн тийм шийдвэр боллоо.
-Жилд олборлохоор төлөвлөсөн 30 сая тонн нүүрснээс ямар хэмжээний кокс ялгах бол?
-Түүний ихэнх нь эрчим хүчний зориулалттай нүүрс байна. Талаас бага хэсэг нь коксжих нүүрс байна. Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс чинь өөрийн дотоодын цахилгаан станцуудын хэрэгцээнд очино. Дотоодын хэрэгцээнээс илүү гарвал эрчим хүчний нүүрсээ бас экспортлож болно. Бүр нүүрс биш эрчим хүч ч экспортлож болно. Яваандаа эрчим хүчний нүүрсээ гүн боловсруулж шингэн түлш гаргах асуудал ярина. Коксынхоо баяжмалыг гаргаад түүнийгээ кокс-химийн үйлдвэрт өгнө. Тэндээс жинхэнэ кокс гарна. Бид коксын дотоодын хэрэглээг бас бий болгох гэж байна.
Тавантолгойн дараагийн асуудал бол төмрийн хүдрийг олборлож боловсруулах явдал. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолборыг бий болгоно. Тэнд тодорхой хэмжээний кокс хэрэглэнэ. Бусдыг гадаадад гаргана. Үйлдвэр болгоноос гарсан кокс бас адилхан биш. Аль зах зээлд ямар нь таарах вэ гэдэг нарийн асуудал.
-Тавантолгойг ашиглах “Эрдэнэс-Тавантолгой” гэсэн толгой компани байгуулахаар боллоо. Тэр компанийн хувьцааг яаж тараахаар болсон бэ. Тухайлбал, иргэддээ?
-Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг эхний ээлжинд Монгол Улсын нийт иргэнд адил тэнцүү хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэлээ. Мөн 10 хувийгүндэснийхээ аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдахаар тогтоолд тусгалаа. Гэхдээ 2010 оны зургадугаар сарын 30-ны өдөр ба түүнээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байгаа, татвараа төлсөн тийм компаниудад. Төрийн оролцоотой ХК болох нь байна шүү дээ. Мөн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах юм. Цаашдаа төрийн мэдлийн хувьцааны хэмжээг бууруулах замаар ард иргэдэд эзэмшүүлэх, үндэснийхээ компаниудад арилжаалах хувь хэмжээг үе шаттайгаар өсгөх гэсэн боломжийг гаргаж өглөө. Энэ бол Засгийн газраас оруулж ирж, УИХ-аас дэмжсэн гарааны нөхцөл юм.
Үйлдвэрээ барина, хөрөнгө оруулалтаа нөхнө, үр ашиг олж эхрэлнэ гээд цаашаа их ажил бий. Амьдрал баян учраас оновчтой хувилбаруудаа гаргаад цааш явах юм. Хувьцааны үнэ ямар байх нь үйлдвэрлэлийн үе шат бүрт өөр өөр байна. Түүнийг тухай тухайн үед нь шийдэж явах болно.
Д.ОЮУНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ