БИЗНЕСИЙН ГАРАА БА ИМПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН ҮЕ
1993 он
- Эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх чиглэлээр “Mongolian Consulting Service” буюу М-Си-Эс компани үүсгэн байгуулагдав.
1997 он
- Тавилгын худалдааны Анун, компьютер, тоног төхөөрөмж борлуулалтын М-Си-Эс Электроникс, хэвлэлийн Интерпресс компаниудыг байгуулж тухайн үед Монголын зах зээлд эрэлт ихтэй ч нийлүүлэлт дутмаг байсан бараа, үйлчилгээг нийлүүлэх болжээ.
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨТГӨСӨН ҮЕ
1998 он
- Зах зээлийн жамаар хувьчлагдан М-Си-Эс Группын бүрэлдэхүүнд нэгдсэн СББ компани 1998 оноос хойш улсын төсөвт нийт 230 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлжээ. Энэ нь хувьчлагдахаас өмнөх үетэй харьцуулахад жилд дунджаар 20 дахин их хэмжээний татвар төлдөг болж өсч, хөгжсөн байна.
1999 он
- Өргөн хэрэглээний барааны зах зээлд дэлхийд алдартай “Procter & Gamble”-ийн бараа бүтээгдэхүүнийг дотоодод нийлүүлэх “Анунгоо” компанийг байгуулжээ.
2001 он
- М-Си-Эс Кока-Кола компани байгуулагдаж, дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Кока-Колагийн гэр бүлийн албан ёсны гишүүн болов. Өнөөдөр тус компани 650 гаруй ажиллагсадтай, 13 брэндийн 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
2003 он
- Хөвсгөл аймгийн Мөрөн хот, сумдын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг төвлөрсөн эрчим хүчний системд холбож, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Булган-Мөрөнгийн чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг гүйцэтгэв. Энэхүү төслийг 18 сарын дотор гүйцэтгэх даалгавартай байсан ч 14 сард багтаан дуусгаж, мөрөнчүүд 24 цагийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон юм.
2004 он
- Баянхонгор аймгийг төвлөрсөн эрчим хүчний хангамжид холбох Арвайхээр-Баянтээг-Баянхонгор чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн үр дүнд дэд бүтэц хөгжиж, соёл, арилжаа, үйлчилгээний салбарууд сэргэж, орон нутагт ажил эрхлэлт нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшин дээшлэх нөхцөл бүрдэв.
2006 он
- Үүрэн холбооны Юнител компани байгуулагдаж, хэрэглэгчдэдээ чиглэсэн маркетингаараа ялгарч, үнийн оновчтой бодлогыг баримталснаар гар утас “гангараа” биш, ард түмний өргөн хэрэглээ болсон юм. Өнөөдөр орон даяар 1 сая гаруй хэрэглэгч “Юнителиэр ярьж байна”. Мөн IPTV, интернет, суурин утасны гурвалсан үйлчилгээний Юнивишн компани өдгөө 110 мянга гаруй өрхийг хамраад байна.
- Олон улсын Азиа Пасифик Брюэри компанитай хамтран шар айргийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх М-Си-Эс Азиа Пасифик Брюэри компанийг байгуулж мөн ондоо шинэ үйлдвэрийн шав тавьсан юм. Нэг жилийн дотор шар айргийн үйлдвэр баригдаж үйл ажиллагаагаа эхлүүлснээр импортыг орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж эхлэв.
2007 он
- Барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаагаа өргөтгөсөн М-Си-Эс Групп барилгын салбарт дэлхийн стандарт, дизайны сүүлийн үеийн хандлагуудыг шингээхийг эрмэлздэг. Өндөр зэрэглэлийн орон сууцны “Виста” брэндийг зах зээлд анхлан нэвтрүүлж барууны маягийн иж бүрэн тохижилттой, оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн “Белла Виста” хотхоныг барьж байгууллаа. М-Си-Эс Проперти компани 2001 онд Монголдоо хамгийн анхны Америк маягийн “Сэлбэ” орон сууцны хорооллыг ашиглалтанд оруулж байсан билээ.
ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕ
2008-2013
М-Си-Эс Групп 2008 оноос томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц үйл ажиллагаа байсан юм.
- Ухаа Худаг аж үйлдвэрийн цогцолборын суурь тавигдаж улмаар 2010 оны аравдугаар сард Энержи Ресурс компани "Мongolian Mining Corporation" нэрээр Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр үндэсний компаниудаас анхлан хувьцаагаа амжилттай гаргасан билээ. Уурхай болон дагалдах дэд бүтцийн төслүүдээс бүрдсэн Ухаа худагийн аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтад 5000 орчим хүн ажлын байраар хангагдаж, дотоодын 700 гаруй аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлэгч, гэрээт гүйцэтгэгчээр хамтран ажилласан бөгөөд Энержи ресурс компани өнгөрсөн хугацаанд 500 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төсөвт төвлөрүүлжээ.
2009 он
- Нийслэлчүүддээ цэвэр агаарт идэвхтэй амрах боломжийг нээж өгсөн Скай Резорт цогцолбор нээгдсэнээр Монголд анх удаа олон улсын стандартын цанын бааз ашиглалтанд орсон юм. Өнөөдөр тус цогцолборт аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цанын баазаас гадна олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбайн үйлчилгээ үзүүлж байна.
- Улаанбаатар хотын төвд орчин үеийн тохижилт, олон улсын жишигт хүрсэн менежмент бүхий оффис үйлчилгээний цогцолбор болох Сентрал Тауэр ашиглалтанд оров.
2011 он
- Энержи Ресурс компани Монголд анх удаа Нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж байгуулснаар түүхий нүүрс бус нэмүү өртөг шингэсэн баяжуулсан нүүрс экспортлох болов. 3 модуль бүхий энэхүү үйлдвэр жилд нийтдээ 15 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай бөгөөд гадаад зах зээлд Монгол нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэн чухал алхам болсон юм.
- Монгол инженерүүдийн мэдлэг туршлага, ур чадварт тулгуурлан М-Си-Эс Интернэйшнл компани Монгол Улсад анх удаа хувийн хөрөнгө оруулалтай цахилгаан станц барьж байгуулав. Үндэсний 80 гаруй компанийн 1500 гаруй инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр, ур ухаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд боссон энэхүү цахилгаан станц Ухаа Худаг цогцолбор болон Цогтцэций сумыг найдвартай эрчим хүчээр хангах болсон юм.
2012 он
- М-Си-Эс Проперти компани залууст зориулсан “Шинэ гэр” төслийг санаачлан эхлүүлж, их хотын амьдралын шинэ хэв маягийг нийслэлд нэвтрүүлсэн, бүрэн тавилгатай 1614 айлын Вива Сити хорооллыг ашиглалтанд оруулав. Энэхүү төсөл нь залууст тулгамддаг орон сууцны бэрхшээлийг шийдвэрлэхийн хамт агаарын бохирдлыг бууруулах, хотын төвлөрлийг сааруулахад хувь нэмрээ оруулсан юм.
2013 он
- Монгол Улсын Засгийн Газраас санаачилсан Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл компани ажиллав. Монгол инженерүүд анх удаа 2 хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадварт түшиглэн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын дор богино хугацаанд хэрэгжүүлсэн төсөл байв.
2014 он
- Эдүгээ М-Си-Эс Групп нь инженеринг дэд бүтэц, уул уурхай, мэдээлэл харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, өргөн хэрэглээний бараа гэсэн бизнесийн зургаан салбарт 20 гаруй компани, 8000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
- Улсын төсөвт 208 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл хуримтлуулж, Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг ТОП 150 шалгаруулалтад хувийн хэвшлээ 8 дахь жилдээ манлайлав. М-Си-Эс Групп сүүлийн 3 жил дараалан улсын төсөвт жил бүр 200 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний татвар, шимтгэлийг төвлөрүүлжээ. Зөвхөн 2013 онд улсын төсөвт хуримтлуулсан татвар, шимтгэлийн дүнгээр 500 ортой 10 эмнэлэг барихад хүрэлцэх юм.
- Кембрижийн хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэх зорилгоор Орчлон Кембриж Олон Улсын Сургууль, цэцэрлэгийн шинэ цогцолборыг барьж байгуулав.
- Монголчуудын хөрөнгө оруулалттай, америк менежменттэй “United Family Intermed” эмнэлэг нээлтээ хийлээ. Интермед эмнэлэг нь Европ стандартын дагуу Монголд баригдсан анхны эмнэлэг бөгөөд орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм.