Олон улсын эмэгтэйчүүдийн өндөр дээд хэмжээний уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн өндөр дээд хэмжээний уулзалт болно

Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг, БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафтай 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр уулзав.

Уулзалтанд Элчин сайд Ш.Батцэцэг өөрийн санаачилсан төслийнхөө талаар тодорхой мэдээллийг Индонезийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Нурхаяати Али Ассегафт өглөө.

Элчин сайд хэлсэн үгэндээ 2015 оны 3 дугаар сард болох Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Индонезид байгаа олон улсын эмэгтэйчүүдийн ажил хэргийн өндөр дээд хэмжээний уулзалт болгон тэмдэглэх гэж буй талаар болон тус уулзалтанд Монгол Улсын Их Хурлын 5 эмэгтэй гишүүн, Индонезийн төлөөлөгчдийн Танхимын 10 эмэгтэй гишүүд, мөн Индонезид суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн 17 эмэгтэй элчин сайд, Индонезийн засгийн газрын кабинетын 8 эмэгтэй сайд нийт 50 гаруй өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдэв. 

Уулзалтаар төлөөлөгчид “Ардчиллын үйл явцад хууль тогтоох байгуулага дахь эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба ухаалаг төрд эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба олон улсын ойлголцолд эмэгтэйчүүдийн үүрэг” сэдвээр хөндөн ярилцах юм. 

Монгол Улсын Элчин сайдын санаачилгаар зохион байгуулах энэхүү уулзалтыг бүхий л талаар дэмжиж хамтран оролцохоо БНИУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Парламент хоорондын хамтын ажиллагааны хорооны дарга хатагтай Н.Али Ассегафт цохон тэмдэглэлээ. 

Дашрамд дурдахад энэхүү уулзалтын үндсэн гурван илтгэгчийн нэгээр УИХ-ын гишүүн М.Батчимэг уригдаад байна.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж