Аж үйлдвэрийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Түүний удирдах яам бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж, Сангийн яаманд нэгтгэгдсэн Эдийн засгийн хөгжлийн яаманд төвхнөх аж. Мөн үйлдвэрлэлийн асуудлууд бүгд Аж үйлдвэрийн яаманд төвлөрөх юм байна. Тодруулбал, Хөдөлмөрийн яаманд харьяалагдаж байсан Жижиг, дунд үйлдвэрийн газар, мөн Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд харьяалагдаж байсан хүнд үйлдвэрлэлийн асуудлууд дээрх яаманд шилжин ирж, бодлого зангилагдах аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулахаар болж, сайдад нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргыг санал болгосон юм.
Хийх ажлынхаа тухай сайд Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчид тайлагнахдаа “Аж үйлдвэрийн яам манай орны хөгжлийн стратегийг тодорхойлох ёстой. Энэ яамыг маш богино хугацаанд зохион байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Монголын экспортыг нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах чиглэлийн дагуу аж үйлдвэрээ хөгжүүлэх, цэгцтэй удирдлага зохион байгуулалтыг бүрдүүлэхэд төвлөрч ажиллана. Жил зургаан сарын хугацаанд Аж үйлдвэрийн яам Монгол Улсад хэрэгтэй байсан юм байна. Дотоодын хүнд хөнгөн үйлдвэрүүдээр дамжуулан экспортоо нэмэгдүүлэх боломжтой юм байна гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлэхийн төлөө чармайн ажиллах болно” гэсэн юм.
Г.ДАРЬ