Олимпод оролцох тамирчдын тоо болон медалийн тоонд хязгаар тавилаа

Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Олимпод оролцох тамирчдын тоо болон медалийн тоонд хязгаар тавилаа

Монакогийн “Гримальди Форум” төвд өнгөрсөн даваа гаригт Олон Улсын Олимпийн Хорооны ээлжит бус 127 дугаар чуулган нээлтээ хийж, ерөнхийлөгч Томас Бахын 40 шинэ санал, санаачлага бүхий мөрийн хөтөлбөрийг хэлэлцлээ. Томас Бахын дэвшүүлсэн саналууд нь олимпизмийн түүхэнд томоохон өөрчлөлт оруулахаар төлөвтэй. Тухайлбал, олимпийн наадамд оролцох тамирчдын тоо болон багц медалийн тоонд дээд хязгаарыг тавьж, баталсан байна.

Зуны олимпийн наадмын багц медалийн тоог 310-аас давуулахгүй байх, оролцох тамирчдын тоог 10500-гаас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ. Харин өвлийн наадмын багц медалийн тоог 100-гаас давуулахгүй, оролцох тамирчдын тоог 2900-гаас хэтрүүлэхгүй байхаар болсон байна.

Үүнийг сүүлчийн олимпоор жишиж үзвэл, Лондоны олимпийн наадамд 10956 тамирчин, 302 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэгэхээр ирэх олимпийн наадмуудад оролцох тамирчдын тоо Лондоны наадмынхаас цөөн байх ёстой болж байгаа юм. Харин багц медалийн тоо Лондоны олимпийн наадмынхаас 8-аар нэмэгдэж болох ажээ.

Энэ нь олимпийн наадамд оролцох эрх авах өрсөлдөөн улам ширүүсэхийг шууд илтгэж байна гэж ойлгож болох биз ээ.

Мөн Томас Бах олимпийн хөдөлгөөний түүхэнд маш чухал гэж өөрийнхөө онцолсон нэгэн санал дэвшүүлсэн нь Олимпийн телевизийн сувагтай байгуулах байлаа. Тэрбээр олимпийн телевиз байгуулахад 490 сая еврог зарлагдахаа мэдэгдсэн юм. Олимпийн телевизийн үндсэн хэл нь англи хэл байх бөгөөд бүс нутгуудад тухай орных нь хэлээр мэдээ, мэдээллээ цацдаг байхаар төлөвлөж буй юм байна.

Үүний зэрэгцээ Томас Бах тамирчдын шударга өрсөлдөөнийг хангахын тулд буюу допинг болон авлига, тохиролцсон тоглолтуудын эсрэг үйл ажиллагааг чангатгахын тулд 20 сая еврог зарцуулахаар болжээ.

Мөн онцгой тохиолдолд олимпийн наадмын зарим уралдаан тэмцээнийг зохион байгуулагч орноос өөр улсад явуулж болох тухай заалт орсон байна.

Чуулганы үеэр хөндөгдсөн бас нэг асуудал нь хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах байлаа. Олимпийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн оролцоог эрчүүдийнхтэй тэнцэтгэж, 50 хувь байлгахыг хичээх хэрэгтэйг Томас Бах санал болгожээ. Мөн олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй холимог хосын төрлийг нэмж оруулах шаардлагатайг дурьдсан байна.

 

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: www.horom.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж