Засгийн газраас өргөн барьсан Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна. Үндэсний хэмжээний номын архив, ном хэвлэлийн бүрдүүлэлтийн бодлого алдагдсанаар төсөв хангалтгүй батлагдах, зарим тохиолдолд номын баяжилт хийгдэхгүйд хүрсэн учир ном бүтэээгчид номынхоо дээжээс 2 хувийг улсын төв номын санд өгдөг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийднэ гэж үзэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.
–Номын сангийн тухай хуулийн гол агуулга нь төв номын санг тухайн жилд гарч байгаа номоор хангах асуудал. Гэхдээ энэ нь бодит хөрсөн дээрээ хэрхэн бууж чадах вэ?
-Гарч байгаа бүх номын дээжийг төв номын сандаа үлдээхгүй бол тухайн жилийн төсөвт энэ мөнгө суухгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод номын сангийн баяжилт зарим жилдээ хийгдэж, зарим жил дутуу хийгдэж ирсэн. Иргэд, оюутан залуучууд, сурагчид номыг заавал худалдаж авахгүйгээр номын сангаас унших боломж бүрдэнэ. Үүнд нэг л зөрчилтэй асуудал байгаа. Хуулийн төсөлд тухайн зохиогч оюуны бүтээлээ өөрийнхөө хөрөнгөөр хэвлүүлээд хоёр хувиа үнэгүй өгөх ёстой гэдэг заалт. Миний хувьд үүний эсрэг байгаа. Яагаад гэхээр хүний олон жилийн оюун ухаанаа зориулсан хөдөлмөрөөс хоёр хувийг нь үнэгүй авна гэдэг зах зээлийн зарчимд нийцэхгүй. Нөгөө талаас хүний хувийн өмчид халдаж байгаа хэрэг болно. Номын сангийнхны үндсэн зорилго нь бүтээлийнхээ баяжилтыг хийх байдаг. Төсөвт суусан мөнгөөр тухайн жил гарсан бүх бүтээлээ муу, сайн гэж ялгалгүй дээжийг нь авах үүрэгтэй. Гэтэл хөрөнгө мөнгөний асуудлаас болоод баяжилтаа хийж чадахгүй байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Дэлхийн 40 орон бүтээлээс хоёр хувийг нь үнэгүй аваад явж байгаа юм билээ.
-Бүх бүтээл гэхээр тэр дунд зарцуулсан хөдөлмөр, үнэлэмжийн хувьд өөр байх болов уу?
-Энгийнээр яръя л даа. Бидний ярьж сурснаар нимгэн буюу хөдөлмөр бага зарсан бүтээлээс хоёр хувийг өгөхөд амар байж болно. Гэтэл маш их цаг зав, судалгаа, хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан үнэтэй бүтээлүүд бас бий. Хууль батлагдлаа гэхэд хэрэгжиж чадах уу, номын сангаа баяжуулах гэсэн үндсэн зорилгодоо хүрч чадах уу гэдэг эргэлзээтэй болж байна. Хуулийн төслөөр төв номын сан болон орон нутгийн бүх номын санд хоёр хувийг дээж болгож өгнө.
-Баяжилтад хэдэн төгрөг төсөвлөдөг юм бэ?
-Жилдээ 60 сая төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй юм билээ. Жилд дунджаар 15 мянган ном шинээр хэвлэгдэж байна. Ингээд тооцохоор замбараагүй их хөрөнгө шаардагдах нь тодорхой байна.
-Залуус номын сантай болмоор байна гээд жагсаал хийгээд байгаа. Энэ хуулинд шинээр ном сан байгуулах асуудал тусгагдсан уу?
-Номын санг нийслэлийн хэмжээнд төдийгүй бүх аймаг, сум, сургуулийн дэргэд байгуулахаар хуульчилж байгаа. Гэхдээ саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Номгүй бол номын сан байгаад хэрэггүй шүү дээ.
-Соёлын тухай хуулийн төсөл маргаан дагуулж, телевизүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Та телевизийн салбарт ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
–Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Телевизүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Гэхдээ эсэргүүцэхийн тулд эсэргүүцээгүй. Хуулийг гаргах бодит хөрс суурь бүрдээгүй байна гэж үзэж байгаа. Соёлын салбарынхан нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Телевизүүд монгол контент хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн эсрэг байгаа юм биш. Эхнийнхээ алхмыг хийгээд явах нь зөв. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд телевизүүдийнхээ үүд хаалгыг барих хувилбараар явж болохгүй л гэдэг байр суурьтай байгаа. Гишүүд ч энэ асуудал дээр тодорхой байр суурьтай байсан. Тэгэхээр энэ хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийн явцад татагдах магадлалтай гэж бодож байна.
-УИХ-ын чуулган өчигдөр орой 01:00 цаг өнгөртөл хуралдаж, Засгийн газрын гишүүдээ томиллоо. Өмнө нь ийм зүйл болж байсан уу?
-Шөнө дөлөөр хуралдасныг сайшаамаар юм. Гэтэл буруутгаад байх юм. Ялангуяа хэвлэлийнхэн маш их шүүмжлэлтэй хандаж байна. Үүнийг би зөв зүйл гэж бодохгүй байгаа. Өнөөдөр бид дөрвөн хананы дунд хэдэн сайдаа томилох гээд үзээд л байна. Гэтэл үүнээс цааш амьдрал байгаа шүү дээ. Засгаа бүрдүүлэх гэж ямар их цаг хугацаа авдаг юм гэж, олон нийт их дургүйцэж байна. Арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газар огцорсон. Өнөөдөр арванхоёрдугаар сарын 10. Засаг огцроод сар гаруй боллоо шүү дээ. Ядаж хуулийнхаа 14 хоногийн хугацаанд засгаа бүрдүүлээд ажилдаа ормоор байна . Тиймээс би шөнө дөл байтугай, гишүүдийн бие хаа зүгээр бол хонон, өнжин хуралдаж Засгийн газраа бүрдүүлэх ёстой гэж үзэж байсан.
-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд та ямар байр суурьтай байна вэ. Шийдлийн Засгийн газар мэргэжлийнх танхим бүрдүүлж чадсан уу?
-Та бүхэн өчигдөр өөрсдөө үзсэн байх. Сайд нарыг томилох санал хураалтаар хамгийн бага нь 83 хувийн саналаар сайдад томилогдсон. Энэ нь итгэл үзүүлж байгаагийн илрэл мөн. Нөгөө талаас итгэл үзүүлэхгүй гээд ямар ч арга байхгүй. Намууд зөвшилцөөд хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ сайдад гаргаад ирлээ. Тиймээс бид ажиллуулж байгаад дүгнэхээс бус, юу ч эхлээгүй, хийгээгүй байхад нь шүүмжлэх шаардлагагүй. Энэ Засгийн газар мөнх байх юм биш шүү дээ. Хамгийн гол нь өмнөх Засгийн газраасаа сайн ажиллах ётсой. Хуучин засаг муу ажилласан гэж үзсэн учраас огцруулж, сайн ажиллана гэж бодсон Засгийн газраа байгууллаа гэж би ойлгож байна. Хэрвээ чадахгүй бол тэгээд дараагийн асуудал яригдана. Гэхдээ аль болох тогтвортой ажиллаасай, эдийн засгийн хүнд байдлаас гаргаасай гэж хүсч байна. Гэсэн хэдий ч ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн хандлага, бидний эдийн засгийн гол хөдөлгүүр болж байгаа уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмалын үнэ унаж байна. Тиймээс нээх айхтар том хүлээлт харахгүй байгаа. Тийм том үр дүн гарах нь юу л бол. Яагаад гэвэл дэлхийн эдийн засгийн бодит байдал тийм байна. Ямар ч байсан одоо байгаа байдлаас дордуулж болохгүй, болж өгвөл сэргээх ёстой. Энэ чиглэлд УИХ шахаж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Энэ ч утгаара МАН-ын бүлэг Загсийн газрын гишүүдийг гаднаас томилох гэж хичээсэн. Үндсэн чиглэлийн сайд нар давхар байж болно, бусад нь дан дээлтэй байх ёстой гэж ярьж байсан байр суурин дээрээ манай нам байгаа.
-Р.Бурмаа гишүүний тухайд ямар байр суурьтай байна вэ. “Давхар дээл”-тэй байхыг хамгийн их эсэргүүцэж байсан хүн шүү дээ?
-Харин Р.Бурмаа гишүүнийг ХАА сайдад нэр дэвшсэнтэй холбоотойгоор цахим ертөнцөөр энэ асуудлыг их ярьж байна. Би өөрөөс нь энэ талаар асуусан. Тэгэхэд “Би давхар дээлээ тайлахын төлөө байгаа” гэж байна билээ. Р.Бурмаа гишүүн бол манай эмэгтэйчүүдийн квотоор орж ирсэн хүн. Тиймээс бид түүний суудлыг хадгалж үлдэхэд бэлэн байгаа гэдгээ эмэгтэй гишүүдийн бүлэг хэлсэн юм билээ. Жагсаалтаар орж ирсэн гишүүний асуудлыг нам нь шийддэг шүү дээ. Нам нь тэгэж шийдсэн байна. Тиймээс сайд болсноор Р.Бурмаа гишүүний ам ажил зөрж байна гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл өөртөө нь уулзаад нөхцөл байдлыг нь асуусан. Нөгөө талаараа би Р.Бурмаа гишүүнийг сайд болсонд баяртай байгаа. Р.Бурмаа гишүүн шударга хүн. Ямар ч салбарыг аваад явчих чадвартай, мэдлэгтэй, нуруутай эмэгтэй. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт өөрийнхөө хүч чадлыг зориулж, үүргээ биелүүлж чадна гэж үзсэн учраас дэмжиж байгаа.
-Шинэ сайд нар томилогдсонтой холбоотойгоор дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар мөн шинээр томилогдох уу?
-Төрийн албаны тухай хуулиар шинэ дарга ирлээ гээд албан хаагчдыг өөрчлөх ёсгүй. Хуулиа баримтлан ажиллах ёстой. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн албанд бэлтгэгдээгүй, мэргэжлийн бус, хамаатан садан найз нөхөд нь ажилд орсон. Сонгуулийн үр дүн, оролцооныхоо байдлаар албан тушаалд очсон. Тиймээс шинэ томилогдсон сайд нарт баг болоод ажиллахад ачааллаас нь хуваалцах чадваргүй, үзэл бодол нэгдэн ажиллаж чадахгүй байвал ажлын эрх ашгийн үүднээс өөрчлөлт хийж л таарна.
-Намууд хамтрахдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, мөн том том төслүүд дээр ажиллана гэж зөвшилцсөн. Энэ хэдийгээр хэрэгжиж эхлэх бол?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хоёр нам тохиролцож, гарын үсэг зурсан ч гишүүдийн байр суурь өөр байгаа. Тиймээс энэ асуудал дээр сайн тогтож ярих ёстой юм билээ. Зарим гишүүд УИХ-ыг 99 гишүүнтэй байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Би ч гэсэн гишүүн болоогүй байхдаа төрийн түшээдийн тоо нэмэгдэнэ гэдэгтэй санал нийлдэггүй байсан. Гэхдээ туршлагатай улс төрчдийн ялангуяа 1990 оны Үндсэн хуулийг баталсан гишүүд байнгын ажиллагаатай парламентаа томсгох нь зүйтэй. Ингэж байж төрийн ажил хэвийн явна гэж үздэг. УИХ-ын 76 гишүүн давхар дээлийн асуудлыг их ярьлаа. УИХ-ын гишүүн бол ард түмнээсээ мандат авсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Тиймээс эдгээр хүмүүс Засгийн газартаа давхар ажиллах нь илүү үр дүнтэй, амьдралд ойрхон, сонгогчдынхоо тусгал болж чадна гэсэн байр суурьтай байдаг юм билээ. 99 болгох гээд байгаагийн учир нь хэрэвээ УИХ-ын гишүүн Загсийн газрын гишүүнээр давхар ажиллавал УИХ-ын чуулганы ирц бүрэн байна. Түүнээс гадна УИХ Загсийн газарт хяналт тавих боломжтой гэж үзэж байгаа юм. Гэхдээ энэ бол эцсийн үнэн биш. Үүнийг төгс шийдэл гэж үзэж болохгүй. Их сайн ярилцах ёстой.
С.ОТГОНСҮРЭН