Хуучирсан мэдээ: 2014.12.10-нд нийтлэгдсэн

Ном 50 хувь хямдарлаа

“Интер” номын дэлгүүр өнөөдрөөс буюу арванхоёрудгаар сарын 5-10-ныг хүртэл шинэ жилийн хямдрал зарлалаа. Бүх төрлийн ном 5-50 хувиар хямдарсан бөгөөд сонгодог зохиолын номууд 50 хувь хүртэл хямдарчээ. Өглөө эрт очсон болоод ч тэр үү хүүхдүүддээ үлгэрийн ном авч байсан эцэг, эхчүүд чамгүй олон байсан юм. Хүүхдүүд ч авах хүсэлтэй ном руугаа хуруугаараа заан ээж, аавдаа эрхэлж байгаа харагддаг шүү.

Ингээд хямдарлын эхний өдөр “Интер” номын дэлгүүрийн Маркетингийн менежер Э.Мөнхзагар уулзаж ярилцсанаа уншигчиддаа хуваалцъя.

-Энэхүү хямдрал хэд хоног үргэлжилэх вэ?

-Энэ жилийн  шинэ оны баярыг “Интер” номын дэлгүүрийн зүгээс номтой тэмдэглэх уриатай зохион байгуулж байгаа. Арванхоёрдугаар сарын 10-15-ны хооронд манайд тавигдсан бүх ном 5-10 хувь хямдарч байгаа.

-Ямар төрлийн номнууд хэчнээн хувиар хямдар байна вэ?

-Дэлхийн сонгодог зохиолууд маань ерөнхийдөө 50 хувь хүртэл хямдарсан. Учир нь манай уншигчид ихэнх нь дэлхийн сонгодог зохиолуудыг уншчихсан байгаа болов уу. Ном цуглуулах дуртай хүмүүст зориулан өөрийн цуглуулгаа нэгээр нэмэх боломжийг өгч байгаа гэж хэлж болно. Мөн шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулаад албан газруудын шилдэг ажилтан, шилдэг залуучууддаа зориулан бэлгийн багцийг гаргасан оюунлаг бэлэг бэлдсэн. Шилдэг залуучууд, шилдэг ажилтны багц, уран зохиолын номын багц, хүүхдийн номын багц зэрэг багц номуудыг худалдаанд гаргасан байгаа. Нийт худалдаалагдаж байгаа номуудын 50 хувь нь багц номын худалдаа.

-Ер нь уншигчид ойролцоогоор хэчнээн төгрөгтэй ирвэл ямар номуудыг худалдаж авах боломжтой вэ?

-Уншигчид ер нь 30 мянган төгрөгтэй ирэхэд нилээд хэдэн ном худалдаад авчихна шүү.

-“Интер” номын дэлгүүр “Best seller номуудыг хэрхэн тодруулдаг вэ. Ер нь ямар төрлийн ном хамгийн их худалдан авагчтай байдаг юм бол?

-“Best seller” номоор ихэвчлэн уран зохиолын номууд тодордог. Манай дэлгүүрээс долоо хоног бүр баримтат болон баримтат бус гэх төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулдаг. Ер нь нээлтээ хийсэн шинэ номууд тухайн долоо хоногтоо их эрэлттэй байдаг шүү. Уран зохиолын ном бол яалт ч үгүй шүү дээ. Дэлхий дахинд орчуулагдаж олон тоогоор уншигчдад хүрч байгаа алдартай номууд ихэвчлэн хамгийн өндөр борлуулалтыг дагуулдаг. Долоо хоног бүрийн даваа гаригт манай хамгийн их борлуулалттай ном тодордог.

-“Best seller” номоор өөрийнхөө бүтээлийг тодруулахын тулд мөнгө өгч болох уу?

-Гадуур тийм яриа бий. Хэрвээ хүсэх юм бол энэ төрлийн хардлагыг тээж байгаа хүмүүс манай номын дэлгүүрт даваа гаригт ирээд цуг програмаар уншуулаад тоолж харуулж болно. Ямар ч гадны нөлөө байхгүй програмаар тодруулдаг учраас хүний нөлөө хэрэггүй. Энэ талаарх мэдээллийг авахыг хүсвэл “internom.mn” гэх манай албан ёсны вэб сайтаар орж мэдээлэл авч болно. Уг сайтад мөн л автоматаар өөрөө худалдаалагдсан номыг тодруулдаг, хүний гарын нөлөөгүйгээр хамгийн борлуулалттай номыг тодруулдаг.

-Хамгийн өндөр борлуулалттай ном хэчнээн тоогоор худалдаалагдсан байдаг вэ. Ер нь хэдэн ширхэг худалдаалвал шилдэг борлуулалттай ном болох магадлалтай юм бол?

-Жилдээ дунджаар 300 ширхэг борлуулагдсан байдаг. Долоо хоног бүрийн өндөр борлуулалттай ном гэж гаргадаг бол жилийн эцсээр “Grand book” номыг тодруулдаг. Энэ шагналд орж байгаа ном бол дунджаар 300 гаруй ширхэг худалдаалагдсан байдаг юм. Тэгээд энэ тоогоо долоо хоногт нь хуваачихаж болно шүү дээ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж