Куба улстөрийн хоригдлуудыг суллана

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Куба улстөрийн хоригдлуудыг суллана

Кубын засгийн газар болон католик сүмийн хооронд гянданд хоригдож буй улс төрийн хоригдлуудыг суллах асуудлаар явагдаж буй хэлэлцээрт дэмжлэг үзүүлэхээр Испани улсын Гадаар харилцааны сайд Мигель Анхел Моратиносын хийсэн айлчлал үр дүнтэй өндөрлөж, кубын гянданд хоригдож буй  улс төрийн бүх хоригдлуудыг суллан гаргах тохиролцоонд хүрэв.

Энэ тухай Кубын ерөнхийлөгч Рауль Кастро Рус, Кубын католик сүмийн хамба лам Хайме Ортега болон Испанийн гадаад харилцааны сайд Моратинос, Кубын гадаад харилцааны сайд Бруно Родригес нарын хамтарсан уулзалтын дараахан лхагва гаригт мэдээлжээ.

2003 оны  “Хар хавар”-ын гэсгээн цээрлүүлэлтээр баривчлагдаж, дээд хэмжээ нь 28 жил гянданд хоригдох ял авсан 75-ын групп хэмээн нэрлэгдсэн сөрөг хүчний 52 хоригдол ийнхүү суллагдаж байгаа юм байна.

Эдгээр ял эдэлж буй иргэдээс таван хоригдлыг ойрын хэдэн цагийн дотор нэн даруй суллан, гэр бүлийн хамт Испани улс руу шилжүүлэн явуулах болжээ.

Үлдсэн 47 хоригдол ойрын 3, 4 сарын дотор суллагдаж, “улс орноо орхин явж болох” юм байна.

Кубын засгийн газар мөн ойрын хэдэн цагийн дотор өөр 6 хоригдлыг суллан, гэр лүү нь явуулахаар шийдвэрлэсэнээ мэдэгдсэн аж.

Испанийн гадаад харилцааны сайд Моратинос Европийн Холбооны Гадаад харилцааны сайд нарын Зөвлөлийн даалгавраар ийнхүү кубад айлчилж, европийн холбооны улсуудаас кубын талаар баримталж ирсэн “нэгдсэн байр суурь” хэмээн нэрлэгддэг бодлогоо эргэн харах, харилцаагаа хэвийн болгох эхлэл ийнхүү тавигдаж байгаа юм байна.

1996 оноос европийн холбооны орнууд куба аралд  ардчлалын үйл явцыг нээлттэй болгох, хүний эрхийг дээдлэн хүндэтгэхэд ахиц гарах хүртэл “нэгдсэн бодлого”-ын зарчмын үндсэн дээр харилцаагаа хөгжүүлэх шийдэлд хүрсэн билээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж