УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хамтарсан Засгийн газрын талаар баримталж буй байр сууриа сэтгүүлчдэд дуулгав.
-Сайд нарын томилгоотой холбоотой санал бодлоо илэрхийлж, намын даргадаа захидал бичсэн байна лээ. Ямар нэг хариу ирэв үү? Бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшигчдийн талаар ярьсан гэсэн.
-МАН-ын бүлгийнхэн сайдад нэр дэвшигчдийн талаар ярилцсан. Тухайн үед би захидлаа намын даргад гардуулж өгсөн. Уулзааг үй байна. Гэхдээ уулзах байх. Захидалд намын эв нэгдлийг бусниулах, улс оронд аюул тарих зүйл бичээгүй.
-Та шинэ Засгийн газрыг хэр чадамжтай гэж бодож байна вэ?
-Бид сайдад нэр дэвшиж байгаа хүмүүсийн талаар ярихгүй. Өнөөдөр дөнгөж томилогдож байна. Сайн, муу нь ажлаа хийх явцад харагдана.
-Таны захидалд сайд нарыг нэр дэвшүүлэхдээ мэдлэг чадварыг нь чухалчилсангүй гэсэн агуулга байсан. Та шинэ Засгийн газрын гишүүдийн мэдлэг чадварт эргэлзэж байгаа хэрэг үү?
-МАН-ын XXVII хурал жилийн өмнө болсон. Тус хурлаас гаргасан том шийдвэрүүдийн нэг нь боловсон хүчний бодлоготой холбоотой. Хүнийг албан тушаалд томилох, нэр дэвшүүлэхдээ мэдлэг чадвартай, дадлага туршилгатай, шударга чанартай, нэр хүндтэй гэсэн гол шалгуур тавья гэж тухайн үед шийдсэн.
Мөн боловсон хүчнийг томилох, нэр дэвшүүлэхдээ намын нийт гишүүний хүрээнд харж хайя гэж шийдвэрлэсэн. Ингэхийн тулд судалгаа гаргая, бүртгэл хийе, өрсөлдөөн бий болгоё гэсэн юм. Өөрөөр хэлбэл, намын боловсон хүчний бодлогыг өөр түвшинд гаргахаар болсон хэрэг.
Энэ хурлаас хойш МАН улс төрийн анхны томилгоо хийж байна. Гэтэл сайдад нэр дэвшүүлэх үйл явцаас XXVII их хурлын шийдвэр ер “үнэртсэнгүй”. Намын Удирдах зөвлөл бүлгийнхэнтэй ярилцсан болоод нэр дэвшүүлсэн хүмүүсээ УИХ-д өргөн барилаа. Шалгуур тавьсангүй, өрсөлдөөн явуулсангүй. Үүнд би эгдүүцэж байгаа.
-МАН-ын бодлого Тусгаар тогтнолын ордонд биш, Төрийн ордны хоёр, гуравдугаар давхарт өрнөдөг болжээ гэж ярьж байна. Хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрт АН-ын бодлого давуу байна уу?
-Тийм байна. Тэд олонх. Манай нам зургаан сайд авч Засгийн газарт орж байна. Том намын Засгийн газарт цөөн сайд авч орж байна гэдэг бол тэдэнд хөтлөгдөнө гэсэн үг. Намынхаа бүлгийн хуралдаанаар сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсээ сайтар ярилцаагүй байж АНын удирдлагуудтай тохиролцоод УИХд өргөн барьж байгаа нь үүний илрэл.
Цаашдаа зарчимгүй, хөтлөгдөөд явах нь гэсэн сэжиг надад төрсөн. Өнгөрсөн хойно нь ярьж байхаар сайд нараа томилж байх үед XXVII их хурлын шийдвэрийг сануулсан нь дээр. Их хурлаас гарсан шийдвэрийг сануулж хэлж байхгүй бол МАН-ын дарга байсны хэрэг юү байх вэ. Хамтарч Засгийн газар байгуулсан гээд амаа хамхих, эсвэл магтаад сууж болохгүй. Ингэвэл зарчим алдагдана, нам ч нам биш болно.
-МАН Засгийн газарт орохыг таныг эсэргүүцэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Иймэрхүү зүйлүүд гаргаж тавьж байгаа нь үүнтэй холбоотой юу?
-Тийм ээ. Би Засгийн газарт орохыг эсэргүүцэж байгаа. Засгийн газрын бүрэн эрхийг хугацаа дуусахаас жил хагасын өмнө хамтарч байна. 2012 оноос хамтрах боломж байсан. Би тухайн үед АН-ын даргаас эдийн засгийн байдал хүндрэх нь, та цаашид улс орныг хэрхэн авч явах вэ гэж асуусан.
Гэхдээ хамтарч Засгийн газар байгуулъя гэсэн утгаар ингэж асуугаагүй. “Бид “Шударга ёс” эвсэлтэй хамтраад явна, МАН-тай яасан ч эвсэхгүй” гэж хэлсэн. Манайх ҮЗХ-ны гишүүдийн 70 хувийн саналаар ингэж шийдсэн гэж хэлсэн санагдана. Эдийн засаг хүндрээд цаашид авч явж дийлэхээ болихоороо АН-ынхан хамтаръя гээд хадаг бариад ирж байна.
Хадгийг нь уухайн тас хүлээж авсныг би буруутгаж байгаа. Засгийн газарт хамтраад юу хийж чадах вэ, хэрвээ чадахгүй бол яах вэ, ирэх сонгуулийн дүнд хэрхэн нөлөөлөх вэ гэх зэргээр сайн бодох хэрэгтэй байсан.
-АН-ынхан тохиролцооноосоо буцсан явдал таныг МАН-ын дарга байх үед гарч байсан. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Олон удаа амнаасаа буцсан. Гар бариад тэврэлдээд явдаг, маргааш нь хууль ингэж зөрчих юм байна, сонгуулийн хорооны шийдвэр ийм гэх мэтээр бөөрөнхийлөөд бултчихдаг. Хамгийн тодорхой жишээ бол Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон хоёрын маргаан. Уг нь манай хоёр нэр дэвшигч тангараг өргөх ёстой.
Гэтэл АН-ынхан гацаагаад байхаар нь арга буюу танайх нэгийгээ, манайх нэгийгээ тангараг өргүүлье гэж тохирсон. Маргааш нь АН-ын Г.Батхүүг тангараг өргүүлсэн юм. Тэгээд манайх яах вэ гэтэл УИХ-ын дарга З.Энхболдтой уулз гэсэн.
Тэр Сонгуулийн ерөнхий хороо руу оч гэлээ. Тэднийх шүүх рүү оч гэсэн. Ингээд шүүх манай нэр дэвшигчийг буруутгаад, АН-ын Д.Зоригт тангараг өргөсөн. АН-д олон удаа хууртсан учраас би итгэхгүй.
-Таны захидалд МАН-аас сайдад нэр дэвшигчдийн дөрөв нь УИХ-ын гаднаас орлоо гэсэн агуулга байна лээ. Та бүгдийг нь УИХ-ын гаднаас нэр дэвшүүлэх байр суурьтай байв уу?
-Уг нь манай нам 100 хувь УИХ-ын гишүүн биш хүмүүс сайдаар томилуулах хэрэгтэй байлаа. Бид хоёр жил тэр тухай ярьсан. Нэгдүгээрт, бид тэр зарчмаа мартах учиргүй. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн биш хүн нэр дэвшүүлсэн бол хямралын үед яамандаа олон цагаар сууж ажиллана.
Гэтэл хоёр УИХ-ын гишүүн хүн нэр дэвшүүлчихээр тэд нь ажлын цагийнхаа талыг яамны, талыг нь УИХ-ын үйл ажиллагаанд зарцуулна. Тэгэхээр 1.5 жилийн хугацаанд үр дүнтэй ажиллаж чадахгүй. Тухайн салбараа мэддэг, нэр хүндтэй УИХ-ын гишүүн биш хүнийг сайдаар ажиллуулсан бол богино хугацаанд илүү үр дүн гаргах байсан.
-Таны ил захидлыг МАН-ын хагарал ил гарч байна гэж тайлбарлах хүн таарч байна.
-Хагарал биш. Уг нь ингэх нь хэвийн үзэгдэлд тооцогдох ёстой. Ийм явдал олон тохиолдоогүй учраас содон харагдаж байх шиг. Ер нь хэлж, шаардаж захидал бичих ёстой. Хамтарч байгаа гээд амаа үдвэл эцэстээ харилцаа “дэлбэрч” ч мэднэ. Тиймээс би эрт сануулж байна.
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР СОНИН"