NBA-гийн “Кливленд”-“Бруклин” тоглолтын өмнө тус хоёр багийн одод болох Леброн Жеймс, Кайри Ирвинг, Дерон Уильмс, Кевин Гарнетт нар бие халаахдаа “Би амьсгалж чадахгүй байна” гэсэн бичигтэй майк өмсөж талбайд гарчээ.
Сагсанбөмбөгчид ийнхүү адил бичигтэй майк өмссөн нь хэдэн сарын өмнө цагдаа нарын гарт амиа алдсан 43 настай, хар арьст Эрик Гарнерт тохиолдсон явдлыг дэлхий нийтэд эргэн сануулж, анхааруулахыг хүссэнийх ажээ. Гарнерийг гудамжинд тамхи хууль бусаар зарж байж магадгүй хэмээн цагаан арьст цагдаа Даниел Панталео түүнийг баривчлахдаа араас хоолойг нь боож, түүнтэй хамтрагч цагдаа нар гарыг нь барьж өгчээ. Тухайн үед Гарнер “Би амьсгал чадахгүй байна шүү дээ” гэж хашгирсан юм байна. Гарнер астма болон зүрхний өвчтэй байсан тул удалгүй цагдаа нарын эсрэг эсэргүүцэл үзүүлж чадахаа больж, улмаар үүнээс хойш цагийн дараа амьсгал хураасан юм.
Гарнерийг цагдаа нар баривчилж буй нь
Энэ хэрэг Нью-Йоркт өнгөрсөн долдугаар сард гарсан. Гарнерийг цагдаа нар хэрхэн баривчилж, хүчээр түрэмгийлж буйг нүдээр үзсэн хүмүүс бичлэг хийснээ интернэтээр цацсан нь олны дургүйцлийг улам өдөөсөн юм. Шүүхээс Даниел Панталеод шийтгэл ногдуулах шаардлагагүй гэж үзсэн нь хар арьст америкчуудыг ихэд эмзэглүүлж, дургүйцлийг төрүүлснээр, Нью-Йоркт эсэргүүцлийн жагсаал хийх болсон билээ.
Хоёр багийн тоглолтын өмнөх бие халаалт дээр “Би амьсгалж чадахгүй байна” гэсэн бичиг бүхий майк өмсөхийг Леброн Жеймс санаачилсан ажээ. Гэхдэ Леброн энэ санаагаа “Чикаго”-гийн од Деррик Роузаас авсан гэнэ. Ийнхүү хар арьст нэрт сагсанбөмбөгчид Гарнерт тохиолдсон явдлыг дэлхий нийтийн анхааралд өртүүлж чадлаа.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.horom.mn